Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль (1997)
/Энэ хуулийг 2006 оны 7 дугаар сарын 8-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 6 дугаар сарын 05-ны өдөр
Улаанбаатар хот
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Нийтлэг үндэслэл
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж
1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын хэвлийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ
1.Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хийгээс бусад бүх төрлийн ашигт малтмал хайх, ашиглах харилцааг зохицуулна.
4 дүгээр зүйл.Хуулийн нэр томъёо
1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
1/"ашигт малтмал" гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг;
2/"ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагааг хамтад нь;
3/"ашигт малтмал ашиглах лиценз" гэж энэ хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрхийг;
4/"ашигт малтмалын хайгуулын лиценз" гэж энэ хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон хайгуул хийх эрхийг;
5/"өргөдлийг бүртгэх" гэж ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз авах болон шилжүүлэх тухай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны бүртгэлд албан ёсоор бүртгэхийг;
6/"лицензийн зураг зүйн бүртгэл" гэж ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лицензээр олгогдсон талбайн хил болон түүнд орсон өөрчлөлтийг тэмдэглэж бүртгэх зориулалтаар Геологи, уул уурхайн кадастрын албанаас албан ёсоор хөтөлж буй зураг зүйн бүртгэлийг;
7/"тойм судалгаа" гэж ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тогтоох зорилгоор газар дээр нь үзэж танилцаж, газрын хэвлийг хөндөхгүйгээр чулуулгын сорьц дээж авах, геологи, ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар судалгаа хийхийг;
8/"ашигт малтмал хайх" гэж ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тодорхойлох, байршил, тоо хэмжээг нь тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд үйл ажиллагаа явуулах, түүнчлэн ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийхийг хэлнэ. Эдгээрт суваг шуудуу татах, ил ба далд малталт нэвтрэх, өрөмдөх, сорьц авах, шинжлэх, үйлдвэрлэлийн туршилт, геофизикийн судалгаа хийх, зайнаас тандах зэрэг үйл ажиллагааг хамруулна;
9/"лицензийн төлбөр" гэж лицензээ хүчин төгөлдөр байлгах зорилгоор лиценз эзэмшигчээс энэ хуульд заасны дагуу төлөх төлбөрийг;
10/"лиценз эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лиценз олгогдсон, эсхүл түүнийг шилжүүлэн авсан этгээдийг;
11/"нөөцөд авсан талбай" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу лиценз олгохыг түр түдгэлзүүлсэн талбайг;
12/"тусгай хэрэгцээний газар" гэж эрх бүхий байгууллагаас Газрын тухай хуульд заасны дагуу нийтийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан, эсхүл хориглосон газар нутгийг;
13/"уурхайн талбай" гэж ашигт малтмал ашиглах лицензээр олгогдсон талбайг;
14/"уурхайн эдэлбэр" гэж уурхайн талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсгийг;
15/"хайгуулын талбай" гэж хайгуулын лицензээр олгогдсон талбайг;
16/"хайгуулын эдэлбэр" гэж хайгуулын талбайд суурилсан дэлхийн төвд орой нь орших пирамид хэлбэртэй газрын хэвлийн хэсгийг;
/Энэ заалтад 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
17/"үндсэн орд" гэж геологийн хувьсал өөрчлөлтийн дүнд бүрэлдэн тогтож, анх үүссэн чулуулагтайгаа нэг орон зайд байрлаж байгаа эрдэс баялгийн хуримтлалыг;
/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн./
18/"шороон орд" гэж анхлан үүссэн чулуулаг, орон зайнаасаа өгөршил, элэгдэл, механик үйл явцын дүнд салж сарнин, дахин хуримтлагдаж, үе давхрага байдалтайгаар байгаа эрдэс баялгийн хуримтлалыг.
/Энэ заалтыг 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/.
5 дугаар зүйл.Ашигт малтмалыг өмчлөх
1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлий, байгалийн усанд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч мөн.
2.Төр Монгол Улсын ашигт малтмалыг өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор ашигт малтмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.
6 дугаар зүйл.Төрийн зохицуулалт
1.Улсын Их Хурал дараахь бүрэн эрхтэй:
1/цацраг идэвхт бодис ашиглах, хадгалах, тээвэрлэхтэй холбогдсон тусгайлсан дэглэмийг тогтоох;
2/геологи, уул уурхайн салбарт төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
3/ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж буй ажилд хяналт тавих;
4/улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх.
2.Засгийн газар нь дараахь эрх, үүрэгтэй:
1/ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг хангах;
2/геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
3/улсын тусгай хамгаалалттай газраас бусад улсын тусгай хэрэгцээний газарт ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэх;
4/ашигт малтмалын тухай хууль тогтоомжид хяналт тавих үүрэг бүхий агентлагийг байгуулж ажиллуулах;
/Энэ заалтыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
5/геологи болон уул уурхайн суурь судалгааг явуулах, мэдээллийг нэгтгэн боловсруулах, лиценз олгох, бүртгэх үүрэг бүхий Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагийг байгуулж ажиллуулах.
3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь эрх, үүрэгтэй:
1/геологи, уул уурхайн салбарыг хөгжүүлэх талаар төрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;
2/тодорхой талбайг түр хугацаагаар нөөцөнд авах.
4.Нутгийн захиргааны байгууллага нь дараахь эрх, үүрэгтэй:
1/нутаг дэвсгэртээ энэ хууль болон дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;
2/хууль тогтоомжоор ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан эсхүл хориглосноос бусад тохиолдолд лицензийн тухай мэдээлэл авч тухайн газрыг уг лицензид заасан зориулалтаар ашиглуулах;
3/байгаль орчныг хамгаалах, ажиллагсад болон оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангах талаар болон орон нутгийн төсвийн өмнө хүлээсэн үүргээ лиценз эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, шалгалт хийх, эдгээртэй холбогдох мэдээ, тайланг гаргуулж авах.
5.Засгийн газар ашигт малтмал хайх, ашиглах тодорхой төсөлд зөвхөн төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжээр дамжуулан оролцож болно. Энэ тохиолдолд төрийн өмчийн оролцоотой тухайн аж ахуйн нэгж нь бусад этгээдтэй нэгэн адил энэ хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ.
6.Энэхүү хуулийн дагуу олгогдсон лиценз эзэмшигчтэй харьцаж байгаа төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан нь зөвхөн зохих хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн нөхцөл, болзол тавих, мэдээ тайлан гаргуулах эрхтэй.
7 дугаар зүйл.Талбайг нөөцөд авах
1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр зөвхөн дор дурдсан зорилгоор тодорхой талбайг З хүртэл жилийн хугацаатайгаар нөөцөд авч болно:
1/лицензийн бүртгэлийг цэгцлэх;
2/лиценз эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг шийдвэрлэх.
2.Тодорхой талбайг нөөцөд авсан тухай шийдвэрийг дор дурдсан мэдээллийн хамт ажлын З өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын албанд хүргүүлж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ:
1/нөөцөд авсан талбай байрших аймаг /нийслэл/, сум /дүүрэг/-ын нэр;
2/нөөцөд авсан талбайн бүх булангийн цэгүүдийн солбицлууд;
3/тухайн талбайг нөөцөд авсан зорилго;
4/талбайг нөөцөд байлгах хугацаа.
3.Нөөцөд авсан талбайг Геологи, уул уурхайн кадастрын алба ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лицензийн бүртгэл болон лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
4.Нөөцөд авсан талбайг дараахь үндэслэлээр чөлөөлнө:
1/геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тухайн талбайг тодорхой шалтгаанаар хугацаанаас өмнө чөлөөлөх шийдвэр гаргасан;
2/талбайг нөөцөд байлгах хугацаа дууссан.
8 дугаар зүйл.Ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах тусгай хэрэгцээний газар
1.Газрын тухай хуульд заасны дагуу Засгийн газар, нутгийн захиргаа тодорхой газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд Геологи, уул уурхайн кадастрын албанд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдрийн дотор дараахь мэдэгдлийг албан бичгээр хүргүүлнэ:
1/тусгай хэрэгцээнд авч буй газрын нэр, орших аймаг /нийслэл/, сум /дүүрэг/-ын нэр;
2/тусгай хэрэгцээнд авч байгаа талбайн бүх булангийн цэгүүдийн солбицлууд;
3/тухайн талбайг тусгай хэрэгцээнд авсан зорилго;
4/тусгай хэрэгцээнд байлгах хугацаа.
2.Геологи, уул уурхайн кадастрын алба тусгай хэрэгцээний газрыг ашигт малтмалын хайгуулын буюу ашигт малтмал ашиглах лицензийн бүртгэл, лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.
3.Хүчин төгөлдөр байгаа лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хамарсан газар нутгийг тусгай хэрэгцээнд авснаар лиценз эзэмшигч нь ашигт малтмал хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан төрийн захиргааны байгууллага нөхөн олговрыг лиценз эзэмшигчид төлөх үүргийг хүлээнэ.
4.Нөхөн олговрын хэмжээ, төлбөр хийх хугацааг эхний ээлжинд лиценз эзэмшигч ба тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан төрийн захиргааны байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй нөхцөлд хөндлөнгийн этгээдээр олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу тогтоолгоно. Нөхөн олговрыг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд лиценз эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.
5.Нөхөн олговортой холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ. Ашигт малтмалыг хайх, ашиглах эрх зүйн үндэс
[edit]9 дүгээр зүйл.Ашигт малтмалын тойм судалгаа
1.Тусгай хэрэгцээнд аваагүй Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт иргэд, хуулийн этгээд ашигт малтмалын тойм судалгааг лицензгүйгээр явуулж болно. Уг этгээд ашигт малтмалын тойм судалгаа хийх тухайгаа Геологи, уул уурхайн кадастрын алба болон холбогдох нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэж, тойм судалгаа хийх талбай, байршил, өөрийн нэр, хаягийг бүртгүүлнэ.
2.Ашигт малтмалын тойм судалгааны явцад газрын хэвлийг хөндөхийг хориглоно.
3.Ашигт малтмалын тойм судалгаа явуулахыг хүссэн этгээд нь газар өмчлөгч, эсхүл эзэмшигч буюу ашиглагчаас тухайн талбайд нэвтрэн орох зөвшөөрөл авна.
10 дугаар зүйл.Лиценз эзэмших эрх бүхий этгээд
1.Ашигт малтмалын хайгуулын лиценз /цаашид "хайгуулын лиценз" гэнэ/-ийг Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, хуулийн этгээд эзэмших эрхтэй.
2.Ашигт малтмал ашиглах лицензийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа хуулийн этгээд эзэмших эрхтэй.
3.Нэг лицензийг зөвхөн нэг этгээдийн нэр дээр олгоно.
11 дүгээр зүйл.Лицензгүйгээр ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
1.Хүчин төгөлдөр лицензгүй аливаа этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ хуульд заасан төрлийн ашигт малтмалын хайгуул хийхийг хориглоно.
2.Ашигт малтмал ашиглах хүчин төгөлдөр лицензгүй аливаа этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт энэ хуульд хамрагдах төрлийн ашигт малтмалыг ашиглахыг хориглоно.
3.Тухайн газар эзэмшигч буюу өмчлөгч нь өөрийн эзэмшлийн буюу өмчийн газраас ердийн ашигт малтмалыг өөрийн ахуйн хэрэгцээнд ашиг олох зорилгогүйгээр ашиглахад энэ зүйлийн заалтууд хамаарахгүй.
Лицензгүйгээр ашиглаж болох ердийн ашигт малтмалын жагсаалтыг Засгийн газар батална.
4.Хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын ажлын явцад хийсэн туршилтын ажлаар гаргасан ашигт малтмалын тоо хэмжээ, бүрэлдэхүүн зэргийг мэргэжлийн хяналтын байгууллагад бүртгүүлж, уг албанаас зөвшөөрсөн тохиолдолд борлуулж болно. Энэ тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, холбогдох бусад татварыг ашиглалтын лиценз эзэмшигчтэй нэгэн адил төлнө.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
Бусад нөхцөлд хайгуулын туршилтын явцад гаргасан сорьц, бүтээгдэхүүнийг тухайн лиценз эзэмшигч нь ашигт малтмал ашиглах лиценз авсны, эсхүл хайгуулын талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгсний дараа борлуулах эрхтэй.
12 дугаар зүйл.Хайгуулын лиценз эзэмшигчийн эрх
1.Хайгуулын лиценз эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:
1/хайгуулын эдэлбэрийн хилийн дотор энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх онцгой эрх;
2/энэ хуульд заасан нөхцөл, болзлыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмал ашиглах лиценз авах онцгой эрх;
3/энэ хуульд заасны дагуу хайгуулын лицензийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн бусдад шилжүүлэх, барьцаалах;
4/энэ хуулийн нөхцөл, болзлыг хангасан бол хайгуулын лицензийн хугацааг 2 жилээр тус бүр 2 удаа сунгуулах;
5/хайгуулын ажлыг явуулах зорилгоор хайгуулын талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, түүнчлэн шаардлагатай түр барилга байгууламжийг барих;
6/хайгуулын талбайд нэвтрэн орохын тулд хайгуулын талбайн гаднах газар нутагт нэвтрэн орох, дамжин өнгөрөх;
7/энэ зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт түүний эзэмшигч буюу ашиглагчтай Иргэний хуульд нийцүүлж байгуулсан гэрээний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх.
13 дугаар зүйл.Хайгуулын лиценз авахад тавигдах шаардлага
1.Хайгуулын лиценз авахыг хүссэн этгээд энэ зүйлд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр Геологи, уул уурхайн кадастрын албанд өргөдөл гаргана.
2.Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хайгуулын лиценз эзэмших эрх бүхий этгээд байна.
3.Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн байршил тухайн талбайн булангийн цэгүүдийг Геологи, уул уурхайн кадастрын албанаас бэлтгэн гаргасан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж өргөдөлд хавсаргасан байна.
4.Өргөдөлд заасан хайгуулын талбай нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:
1/тэгш дөрвөн өнцөгт хэлбэртэй байх ба түүний хил нь хойноос урагш, зүүнээсээ баруун чиглэлтэй шулуун шугам байх;
2/нөөцөд авсан болон тусгай хэрэгцээний газартай ямар нэг байдлаар давхцаагүй байх;
3/өргөдөл гаргах үед хүчин төгөлдөр байгаа лицензээр олгогдсон болон лиценз авахаар хэлэлцэгдэх шатанд байгаа өргөдөлд тусгасан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх.
5.Аливаа давхцал гарахаас сэргийлэх зайлшгүй шаардлагаар дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа хилийн хэсэг нь шулуун шугам биш байж болно:
1/улсын хил;
2/нөөцөд авсан талбай;
3/тусгай хэрэгцээний газар;
4/энэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө лиценз нь олгогдсон бөгөөд энэ хуулийн шаардлагыг хангахгүй хэлбэр, байршилтай талбай;
5/хайгуулын талбайд заавал хамруулах шаардлагагүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.
6.Нэг лицензээр олгох хайгуулын талбайн хэмжээ 25 гектараас багагүй 400 мянган гектараас ихгүй байна.
7.Нэг этгээдэд олгох хайгуулын лицензийн тоог хязгаарлахгүй.
14 дүгээр зүйл.Хайгуулын лиценз олгох
1.Тухайн талбайд хайгуулын лиценз авах тухай энэ хуулиар тавигдах шаардлагыг хангасан өргөдөл гаргаж эхний ээлжинд бүртгүүлсэн этгээдэд хайгуулын лицензийг олгоно.
2.Хайгуулын лиценз авахыг хүссэн этгээд нь Геологи, уул уурхайн кадастрын албаны баталсан загварын дагуу өргөдөл гаргаж уг албанд хүргүүлнэ.
Өргөдөлд дор дурдсан баримт бичгүүдийг хавсаргасан байна:
1/өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны харилцах хаяг, утас /факс/-ны дугаар, гадаадын иргэн, хуулийн этгээдийн хувьд Монгол дахь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэр, хаяг, утас /факс/-ны дугаарыг тусгасан тодорхойлолт;
2/хувь хүн өргөдөл гаргах тохиолдолд өргөдөл гаргагчийн паспортын хуулбар, шаардлагатай бол визийн хуулбар;
3/аж ахуйн нэгжийн хувьд, түүнийг үүсгэн байгуулсан орны хууль тогтоомжийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа явуулах эрхтэйг нотлох гэрчилгээ.
Гэрчилгээ гадаад хэл дээр байгаа тохиолдолд түүнийг Монгол хэлэнд хөрвүүлж хавсаргана.
4/энэ хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу хийгдсэн талбайн зураг. Энэ зураг дээр уг талбайн байрших аймаг, сум /дүүрэг/-ын нэрийг бичсэн байна.
5/геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон үйлчилгээний хөлсийг төлсөн тухай баримт.
3.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бүрдэл болоогүй өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын алба хүлээн авахгүй.
4.Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагцаа Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэл хариуцсан ажилтан нь түүнийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, хуудас тус бүрт өргөдлийг бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэн энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд гаргаж өгнө.
5.Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэл хариуцсан ажилтан өргөдлийг бүртгэх дэвтэрт тухайн өдөрт хамгийн сүүлд бүртгэгдсэн өргөдлийн бүртгэлийг тэмдэглэж гарын үсэг зурна.
6.Өргөдлийг бүртгэсэн даруйд тухайн өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, 4 дэх хэсгийн 1, 5 дахь заалт, 6 дахь хэсэг болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэж байгаа эсэхэд Геологи, уул уурхайн кадастрын алба анхан шатны шүүлт хийнэ.
7.Өргөдөл болон түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд Геологи, уул уурхайн кадастрын алба нь ямар үндэслэлээр шаардлага хангахгүй байгаа тухай өргөдөл гаргагч этгээдэд ажлын 2 өдрийн дотор мэдэгдэл өгч, энэ тухай тэмдэглэлийг өргөдөл бүртгэх дэвтэрт хийнэ. Үүгээр тухайн өргөдөл бүртгэлээс хасагдсанд тооцогдоно.
8.Геологи, уул уурхайн кадастрын алба хайгуулын лиценз хүссэн өргөдөлд анхан шатны шүүлт хийж дууссан даруйдаа хүсэлт гаргасан хайгуулын талбай нь нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, түүнчлэн хайгуулын лиценз нэгэнт олгогдсон болон лиценз авахаар хэлэлцэгдэх шатанд байгаа өргөдөлд тусгасан талбайтай давхцаж буй эсэхийг тогтооно.
9.Хайгуулын лиценз хүссэн өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 10 өдөрт багтаан Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга доорхи шийдвэрийн аль нэгийг гаргаж өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ:
1/хүсэлт гаргасан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон тусгай хэрэгцээний газар, нөөцөд авсан талбай, хүчин төгөлдөр байгаа хайгуулын лицензээр олгогдсон талбай, мөн түүнчлэн өмнө нь бүртгэгдэж хэлэлцэгдэх шатандаа байгаа өргөдөлд тусгагдсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй бол тухайн хайгуулын эдэлбэрийг олгохоор шийдвэрлэж хайгуулын лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэх;
2/дор дурдсан газар нутаг, талбайтай бүхэлдээ буюу хэсэгчилэн давхцсан тохиолдолд хүсэлт гаргасан талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох:
а/тусгай хэрэгцээний газар;
б/нөөцөд авсан талбай;
в/хүчин төгөлдөр лицензээр олгогдсон талбай.
3/тухайн өргөдөл гарахаас өмнө бүртгэгдэж хэлэлцэгдэх шатандаа байгаа өргөдөлд тусгасан талбайтай бүхэлдээ давхцсан талбайг олгохоос татгалзаж, өргөдлийг бүртгэлээс хассанд тооцох;
4/тухайн өргөдөл гаргахаас өмнө бүртгэгдэж хэлэлцэгдэх шатандаа байгаа өргөдөлд тусгасан талбайтай хүсэлт гаргасан талбай нь хэсэгчлэн давхцсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын лицензийг олгох бололцоотойг мэдэгдэх.
10.Энэ зүйлийн 9 дэх хэсгийн 4-д заасан тохиолдолд өргөдөл гаргагч этгээд нь хайгуулын лиценз олгож болох талбайг энэ хуульд заасан хэлбэр, байршил, хэмжээний талаар тавигдах шаардлагад нийцүүлэн хэд хэдэн хэсэгт хувааж талбай тус бүрд ажлын З өдрийн дотор нэмэлт өргөдөл гаргана. Эдгээр өргөдлүүдийг Геологи, уул уурхайн кадастрын алба бүртгэж авснаар энэ зүйлийн 9 дэх хэсгийн 1-д заасны дагуу шийдвэрлэсэнд тооцно.
11.Энэ зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасны дагуу хайгуулын лиценз олгохоор шийдвэрлэсэн тухай мэдэгдэл авсан этгээд нь хайгуулын лицензийн эхний жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өргөдлийг нь бүртгэлээс хасаж, талбай олгох тухай шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно.
12.Өргөдөл гаргасан этгээд хайгуулын лицензийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын З өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь хайгуулын лицензийг З жилийн хугацаатайгаар олгож, хайгуулын лиценз болон олгогдсон талбайг лицензийн бүртгэл, лицензийн зураг зүйн бүртгэлд бүртгэж тэмдэглэнэ.
13.Хайгуулын лицензийн гэрчилгээнд лицензийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд гэрчилгээ нь уг лицензтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.
14.Геологи, уул уурхайн кадастрын алба нь хайгуулын лиценз олгосон даруйд энэ тухайгаа Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт мэдэгдэж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
15 дугаар зүйл.Хайгуулын лицензийн хугацааг сунгах
1.Хайгуулын лицензийн хүчин төгөлдөр байх хугацааг дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө уг лиценз эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын албанаас гаргасан загварын дагуу тус албанд гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд дараахь баримт бичгийг бүрдүүлэн хавсаргана:
1/хайгуулын лиценз;
2/лицензийн төлбөрийг төлсөн тухай баримт;
3/байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай магадлагаа.
2.Геологи, уул уурхайн кадастрын алба хугацаа сунгуулах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тухайн лиценз эзэмшигч нь лиценз эзэмших эрхийг хадгалах нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянан тогтоож, түүнийг хангасан тохиолдолд лицензийн бүртгэлд тэмдэглэнэ.
3.Хайгуулын лицензийн хугацааг сунгах тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь хайгуулын лицензийн хугацааг сунгаж, лицензийн бүртгэлд тэмдэглэнэ.
Хугацааг сунгаж бүртгэсэн хайгуулын лицензийг эзэмшигч этгээдэд буцааж олгоно.
4.Хайгуулын лицензийн хугацааг сунгасан даруй Геологи, уул уурхайн кадастрын алба нь энэ тухай Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт мэдэгдэж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
16 дугаар зүйл. Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн эрх
1.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь дараахь эрх эдэлнэ:
1/тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах онцгой эрх;
2/энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасан нөхцөлийг хангасны үндсэн дээр лиценз эзэмшигч нь өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулах;
3/энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасан үүргийг биелүүлсний үндсэн дээр уурхайн эдэлбэрээс ашигт малтмал ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээл дээр зах зээлийн үнээр борлуулах;
4/уурхайн эдэлбэрийн хүрээнд бүх төрлийн ашигт малтмалын хайгуул явуулах онцгой эрх;
5/энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах лицензээ бүхэлд нь буюу хэсэгчлэн бусдад шилжүүлэх, барьцаалах;
6/ашигт малтмал ашиглах лицензийн хугацааг нэг удаа дөчин жилээр сунгуулах;
7/ашигт малтмалыг хайх, ашиглах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, түүнийг ашиглах, шаардлагатай барилга байгууламж барих бусад холбогдох үйл ажиллагааг явуулах;
8/уурхайн талбайн гадна орших талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх;
9/энэ зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт түүний эзэмшигч буюу ашиглагчтай Иргэний хуульд нийцүүлж байгуулсан гэрээний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх;
10/холбогдох хууль тогтоомжийн дагуу ус ашиглах.
17 дугаар зүйл.Ашигт малтмал ашиглах лиценз авахад тавигдах шаардлага
1.Ашигт малтмал ашиглах лиценз авах тухай өргөдөл гаргагч нь энэ хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал ашиглах лиценз эзэмших эрх бүхий этгээд байна.
2.Хайгуулын лиценз хүчин төгөлдөр байгаа талбайд зөвхөн уг лицензийг эзэмшигч ашигт малтмал ашиглах лиценз авахаар өргөдөл гаргаж болох ба үүнээс бусад тохиолдолд энэ хуулиар тавигдах шаардлагыг хангасан өргөдөл гаргаж эхний ээлжинд бүртгүүлсэн этгээдэд ашигт малтмал ашиглах лицензийг олгоно.
3.Ашигт малтмал ашиглах лиценз авах тухай өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгүүдийг Геологи, уул уурхайн кадастрын албанаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.
4.Уурхайн талбай нь дараахь шаардлагыг хангасан байвал зохино:
1/500 метрээс багагүй урттай, хойноос урагш, зүүнээс баруун зүгтэй давхцсан шулуун шугамуудаар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй байх;
2/нөөцөд авсан талбай, эсхүл тусгай хэрэгцээний газартай давхцаагүй байх;
3/өргөдөл гаргах үед бусад этгээдийн эзэмшиж буй хүчин төгөлдөр байгаа лицензээр олгогдсон болон хэлэлцэгдэх шатандаа байгаа өргөдөлд тусгагдсан талбайтай давхцаагүй байх.
5.Дараахь газар нутаг, талбайтай хиллэж байгаа уурхайн талбайн хилийн хэсэг нь шулуун шугам биш байж болно:
1/улсын хил;
2/нөөцөнд авсан талбай;
3/тусгай хэрэгцээний газар;
4/энэ хуулийг мөрдөж эхлэхээс өмнө лиценз нь олгогдсон бөгөөд энэ хуульд зааснаас өөр хэлбэр, байршилтай талбай ба уурхайн талбайд заавал хамруулах шаардлагагүй гэж үзсэн нуур, цөөрөм зэрэг байгалийн тогтоц.
18 дугаар зүйл.Ашигт малтмал ашиглах лиценз олгох
1.Ашигт малтмал ашиглах лиценз авахыг хүссэн этгээд нь Геологи, уул уурхайн кадастрын албанд, уг албанаас баталсан загварын дагуу өргөдөл гаргаж хүргүүлнэ. Өргөдөлд дор дурдсан бичиг баримтыг хавсаргасан байна:
1/өргөдөл гаргагчийн нэр, албан ёсны харилцах хаяг, утас /факс/-ны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;
2/аж ахуйн нэгж өргөдөл гаргаж байгаа бол бүртгэл хариуцсан байгууллагаас тус аж ахуйн нэгжийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулах эрхтэйг нотолсон гэрчилгээ;
3/энэ хуулийн 17 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн талбайн зураг;
Энэ зураг дээр уг талбайн байрших аймаг, сум /дүүрэг/-ын нэрийг бичсэн байна.
4/геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон үйлчилгээний хөлсийг төлсөн тухай баримт.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу иж бүрдэл болоогүй өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын алба хүлээж авахгүй.
3.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэл хариуцсан ажилтан нь түүнийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдлийг бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг хуудас тус бүрт тэмдэглэж энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд гаргаж өгнө.
Геологи, уул уурхайн кадастрын албаны өргөдлийн бүртгэл хариуцсан ажилтан өргөдлийг бүртгэх дэвтэрт тухайн өдөрт хамгийн сүүлд бүртгэгдсэн өргөдлийн бүртгэлийг тэмдэглэж гарын үсэг зурна.
4.Геологи, уул уурхайн кадастрын алба нь өргөдлийг бүртгэсэн даруйд тухайн өргөдөл түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17 дугаар зүйлийн 1, З дахь хэсэг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийнэ.
Өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь шаардлагыг хангахгүй байгаа тохиолдолд Геологи, уул уурхайн кадастрын алба нь ямар үндэслэлээр тухайн өргөдөл нь шаардлага хангахгүй байгаа тухай өргөдөл гаргагч этгээдэд мэдэгдэл өгч өргөдлийг бүртгэх дэвтэрт зохих тэмдэглэлийг хийнэ. Үүгээр тухайн өргөдөл бүртгэлээс хасагдсанд тооцогдоно.
5.Геологи, уул уурхайн кадастрын алба нь ашигт малтмал ашиглах лиценз авах тухай өргөдлийг бүртгэсний дараа ажлын 2 өдөрт багтаан дараахь зүйлүүдийг тодруулна:
1/хайгуулын лиценз эзэмшигч нь уг лицензээр олгогдсон хайгуулын талбайд ашигт малтмал ашиглах лиценз авах тухай өргөдөл гаргасан тохиолдолд хүсэлт гаргасан уурхайн талбай нь хайгуулын талбайн хил дотор бүрэн багтаж байгаа эсэх;
2/хүсэлт гаргасан уурхайн талбай нь хүчин төгөлдөр байгаа бусад лицензээр олгогдсон талбай болон тухайн үед хэлэлцэгдэх шатанд байгаа өргөдөлд тусгасан талбайтай ямар нэг байдлаар давхцаж байгаа эсэх;
3/хүсэлт гаргасан уурхайн талбай нь нөөцөд авсан талбай болон тусгай хэрэгцээний газартай давхцаж байгаа эсэх.
6.Ашигт малтмал ашиглах лиценз авах тухай өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга дараахь шийдвэрүүдийн нэгийг гаргаж, өргөдөл гаргагч этгээдэд мэдэгдэнэ:
1/хайгуулын лиценз эзэмшигч нь уг лицензээр олгогдсон талбайд ашигт малтмал ашиглах лиценз авахаар өргөдөл гаргасан тохиолдолд онцгой эрхийнх нь дагуу уурхайн эдэлбэр олгож, ашигт малтмал ашиглах лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуульд заасан хугацаанд төлүүлэх;
2/хүсэлт гаргасан талбай нь ашигт малтмал ашиглахыг хориглосон тусгай хэрэгцээний газар, хүчин төгөлдөр лицензээр олгогдсон талбай болон өмнө нь бүртгэгдэж, хэлэлцэгдэх шатандаа байгаа өргөдөлд тусгагдсан талбайн аль нэг хэсэгтэй ямар нэг байдлаар давхцаагүй бол уурхайн эдэлбэр олгож лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуульд заасан хугацаанд төлүүлэх;
3/хүсэлт гаргасан уурхайн талбай нь ашигт малтмал ашиглахыг хориглосон тусгай хэрэгцээний газар, хүчин төгөлдөр лицензээр олгогдсон талбай болон өмнө нь бүртгэгдэж хэлэлцэгдэх шатандаа байгаа өргөдөлд тусгасан талбайн аль нэгтэй нь ямар нэг байдлаар давхцсан байвал уурхайн талбайг олгохоос татгалзаж, тухайн өргөдлийг бүртгэлээс хассанд тооцно.
7.Энэ зүйлийн 6 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу лиценз олгох тухай шийдвэрийг хүлээн авсан этгээд нь лицензийн эхний жилийн төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд өргөдлийг нь бүртгэлээс хасаж, уурхайн эдэлбэр олгосон шийдвэрийг хүчингүйд тооцно.
8.Өргөдөл гаргасан этгээд лицензийн эхний жилийн төлбөрийг хийснээс хойш ажлын 3 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийг 60 жилийн хугацаатайгаар олгож, лиценз болон уурхайн талбайг лицензийн болон зураг зүйн бүртгэлд бүртгэж тэмдэглэнэ.
9.Лицензийн гэрчилгээнд лицензийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг лицензтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байна.
10.Ашигт малтмал ашиглах лицензийг олгосон шийдвэр гарснаас хойш ажлын 7 өдөрт багтаан Геологи, уул уурхайн кадастрын алба нь энэ мэргэжлийн хяналтын байгууллага, Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт мэдэгдэж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
19 дүгээр зүйл.Ашигт малтмал ашиглах лицензийн хугацааг сунгах
1.Ашигт малтмал ашиглах лицензийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө уг лицензийг эзэмшигч нь Геологи, уул уурхайн кадастрын албанаас гаргасан загварын дагуу хугацааг сунгуулах өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын албанд гаргана. Энэ тохиолдолд дараахь баримт бичгийг бүрдүүлэн хавсаргасан байна:
1/ашигт малтмал ашиглах лиценз;
2/лицензийн төлбөрийг төлсөн тухай баримт;
3/байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн З1 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай магадлагаа.
2.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь хугацааг сунгуулах өргөдөл гаргахдаа геологи, уул уурхайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний тогтоосон үйлчилгээний хөлсийг төлсөн байна.
3.Хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор лиценз эзэмшигч нь лиценз эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг Геологи, уул уурхайн кадастрын алба хянан тогтооно.
4.Ашигт малтмал ашиглах лицензийн хугацаа сунгах тухай өргөдлийг хүлээн авсны дараа ажлын 10 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийн бүртгэлд тэмдэглэнэ. Хугацаа сунгаж бүртгэсэн ашигт малтмал ашиглах лицензийг эзэмшигч этгээдэд буцааж олгоно.
5.Ашигт малтмал ашиглах лицензийн хугацааг сунгасан шийдвэр гарснаас хойш ажлын 7 өдрийн дотор Геологи, уул уурхайн кадастрын алба нь энэ тухай Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт мэдэгдэж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
20 дугаар зүйл.Тогтвортой байдлын гэрээ
1.Тухайн төслийн эхний 5 жилд зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах хөрөнгө оруулалт 2 саяас доошгүй доллартай тэнцэхүйц хэмжээтэй бөгөөд ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь хүсэлт гаргавал тухайн этгээдийн үйл ажиллагаа явуулах орчныг нь урт хугацаанд тогтвортой байлгахын баталгаа болгож Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд тогтвортой байдлын гэрээг байгуулна.
2.Тогтвортой байдлын гэрээний загварыг Засгийн газраас батлах ба энэхүү гэрээний загвар нь тодорхой хугацаанд татварын тогтвортой нөхцөлийг хангах болон лиценз эзэмшигч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон чөлөөт валютын орлогоо захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, тухайн хөрөнгө оруулалтын зорилго, хэмжээ, хэрэгжүүлэх хугацааны тухай заалтыг агуулсан байна.
3.Сангийн сайд өргөдөл, гэрээний төслийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор хянаж, нэмэлт тодруулга хийх шаардлагагүй гэж үзвэл өргөдөл гаргасан этгээдтэй гэрээ байгуулна.
4.Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулах тухайн төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь 2 саяас багагүй америк доллар байхаар бол 10 жилийн хугацаатайгаар, 20 сая америк доллараас багагүй бол 15 жилийн хугацаатайгаар тогтвортой байдлын гэрээг тус тус байгуулж болно.
21 дүгээр зүйл.Тогтвортой байдлын гэрээ байгуулах
1.Тогтвортой байдлын гэрээ байгуулахыг хүссэн лиценз эзэмшигч нь энэ тухай өргөдөл, гэрээний төслийг Сангийн яаманд ирүүлнэ. Тухайн төслийн эхний 5 жилд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацааг тодорхойлсон хөтөлбөрийг өргөдөлд хавсаргана.
Хэрэв нэмэлт, тодруулга хийх шаардлагатай бол энэ тухай өргөдөл гаргагчид ажлын 7 өдрийн дотор мэдэгдэнэ.
2.Тогтвортой байдлын гэрээнд Сангийн сайд гарын үсэг зурсны дараа уг гэрээний нөхцөлийн тухай мэдэгдлийг Монголбанк болон бусад холбогдох газруудад хүргүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ. Ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах лиценз эзэмших эрхийг хадгалах нөхцөл
[edit]22 дугаар зүйл.Ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах лиценз эзэмших эрхийг хадгалах
1.Лиценз эзэмшигч нь энэ бүлэгт заасан нөхцөл, болзлыг цаг хугацаанд нь заавал хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд эдгээрийн аль нэгийг хангаагүй бол энэ нь тухайн лицензийг энэ хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу цуцлах үндэслэл болно.
23 дугаар зүйл.Ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах лиценз эзэмших эрх бүхий этгээдийн байдлаа хадгалах
1.Аливаа лиценз эзэмшигч нь тухайн лиценз хүчин төгөлдөр байх бүх хугацааны туршид энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдийн байдлаа хангасан байвал зохино.
24 дүгээр зүйл.Лицензийн төлбөр
1.Ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь тухайн лиценз эзэмшсэний төлбөрийг энэ зүйлийн дагуу жил бүр төлнө.
2.Хайгуулын лицензийн төлбөр нь хайгуулын талбайн гектар тутамд дараахь хэмжээтэй байна:
1/хайгуулын лицензийн эхний жилд 0,05 америк доллар, 2 ба З дахь жилд тус бүр 0,1 америк доллар;
2/хайгуулын лицензийн 4 ба 5 дахь жилд тус бүр 1,0 америк доллар;
3/хайгуулын лицензийн 6 ба 7 дахь жилд тус бүр 1,5 америк доллар.
3.Ашигт малтмал ашиглах лицензийн төлбөр нь тухайн лицензээр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд дараахь хэмжээтэй байна:
1/лицензийн эхний 3 жилийн хугацааны жил бүр 5,0 америк доллар;
2/лицензийн 4 ба 5 дахь жилүүдэд тус бүр 7,5 америк доллар;
3/лицензийн хугацааны 6 дахь жилээс эхлээд жил бүр 10 америк доллар.
25 дугаар зүйл.Лицензийн төлбөрийг төлөх
1.Лицензийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийн 1, 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1, 2-т заасан мэдэгдлийг авснаас хойш ажлын 1О өдрийн дотор төлнө.
2.Лицензийн дараа жилийн төлбөрийг тухайн лицензийг олгосон өдрөөр тасалбар болгон жил бүр урьдчилан төлнө.
3.Лицензийн төлбөрийн хэмжээг уг төлбөрийг хийх үед Геологи, уул уурхайн кадастрын албаны лицензийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн тооцох бөгөөд тухайн жилдээ төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй.
4.Хайгуулын талбайн хилийн дотор байгаа уурхайн талбайд хайгуулын лицензийн төлбөр давхардуулж ногдуулахгүй.
5.Лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрийг төлсөн тухай баримтыг Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлснээр лицензийн төлбөрийг төлсөнд тооцно.
6.Лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрөө энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд аливаа нэхэмжлэл, мэдэгдэлгүйгээр төлөх үүрэгтэй.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. Лиценз эзэмшигч үйл ажиллагаагаа явуулахад хүлээх үүрэг
[edit]26 дугаар зүйл.Лиценз эзэмшигч үйл ажиллагаагаа явуулахад хүлээх нийтлэг үүрэг
1.Лиценз эзэмшигч нь энэ бүлэгт заасан нийтлэг үүргийг биелүүлж үйл ажиллагаагаа явуулна. Энэ бүлэгт заасан нийтлэг үүргийг биелүүлээгүй тохиолдолд энэ хуулийн 8 дугаар бүлэгт заасан хариуцлага хүлээнэ.
27 дугаар зүйл.Ашигт малтмал ашиглах лицензийн хүрээнд эзэмшиж байгаа талбайн хилийг тогтоох, шав тэмдэг тавих
1.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь лицензийн бүртгэлд бүртгүүлснээс хойш ажлын 90 өдрийн дотор мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоосон техникийн шаардлагын дагуу уурхайн талбайн хилийг тогтоолгож байнгын шав тэмдэг тавина. Уурхайн талбайн хилийн хэмжилтийг Геологи, уул уурхайн кадастрын албанаас зөвшөөрөгдсөн мэргэжлийн хүнээр хийлгэх бөгөөд уг этгээд нь тухайн хилийг тогтоосон тухай актыг Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь уурхайн талбайн шавыг хамгаалах ба лицензийн хугацааг сунгах, Геологи, уул уурхайн кадастрын албаны шийдвэрээр талбайд зохицуулалт хийх зэрэг тохиолдолд түүнийг тухай бүр шилжүүлэн байрлуулах арга хэмжээг авч байна.
28 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах
1.Хайгуулын лиценз эзэмшигч этгээд нь мөрдөгдөж буй байгаль орчны тухай хуулиуд болон энэ хуулийн байгаль орчныг хамгаалахтай холбогдсон заалтуудыг биелүүлэх үүрэгтэй.
2.Энэ хуулийн дагуу байгаль орчны холбогдох байгууллагаас бичгээр зөвшөөрөл аваагүй тохиолдолд тухайн лиценз эзэмшигч нь хайгуул хийх болон ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглоно.
29 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын лиценз эзэмшигчийн хүлээх үүрэг
1.Хайгуулын лиценз эзэмшигч нь Байгаль орчны хяналтын алба болон тухайн нутгийн захиргаатай зөвшилцөн хайгуулын лиценз авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бэлтгэж боловсруулна.
2.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд хайгуулын ажлын явцад хүрээлэн байгаа орчны бохирдолтын хэмжээг зөвшөөрөгдсөн дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, хайгуулын ажлын явцад эвдэгдсэн газрыг буцааж булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид бусад зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглаж болохоор нөхөн сэргээх арга хэмжээнүүдийг тусгана.
3.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг тухайн хайгуулын эдэлбэр газар байршиж буй сум /дүүрэг/-ын Засаг даргад ирүүлж батлуулна. Сум, /дүүрэг/-ын Засаг дарга нь уг төлөвлөгөөг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шийдвэр гаргаж, шийдвэрийнхээ тухай албан бичгээр лиценз эзэмшигчдэд мэдэгдэнэ.
4.Байгаль орчны төлөвлөгөөг батлуулсны дараа лиценз эзэмшигч нь уг төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байрлаж буй дэвсгэр нутгийн байгаль орчны хяналтын байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
5.Хайгуулын лиценз эзэмшигч нь хайгуулын ажлын үр дүнд үүссэн сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэх ба Байгаль орчны хяналтын алба болон холбогдох аймаг /нийслэл/, сум /дүүрэг/-ын Засаг даргад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний тайланг жил бүр гаргаж өгнө. Уг тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай, түүнчлэн хайгуулын шинэ техник, технологи ашигласны улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөлөл болон үүнтэй холбогдуулан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн тухай саналыг тусгана. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд оруулах аливаа өөрчлөлтийг сум /дүүрэг/-ын Засаг даргаар батлуулна.
6.Байгаль орчныг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий албан тушаалтнууд болон нутгийн захиргааны төлөөлөгчид хайгуулын эдэлбэрт нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоог лиценз эзэмшигч хангаж өгнө.
7.Хайгуулын лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон холбогдох сум /дүүрэг/-ын Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг оруулна. Лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсний дараа барьцааны хөрөнгийг буцааж авна.
8.Тухайн лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлээгүй тохиолдолд сум /дүүрэг/-ын Засаг дарга барьцаалагдсан хөрөнгөөр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг лиценз эзэмшигчээр бүрэн гүйцэтгүүлэх ба хэрэв энэ хөрөнгө нь хүрэлцээгүй бол лиценз эзэмшигчээс нэмж шаардагдах хөрөнгийг гаргуулна.
30 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаар ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн хүлээх үүрэг
1.Ашигт малтмал ашиглах лиценз авахын өмнө эсхүл авсны дараа тухайн лиценз эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг зохих хууль тогтоомжийн дагуу шуурхай боловсруулна.
2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уул уурхайн үйл ажиллагааны улмаас газар, ус, агаар, ан амьтан, ургамал болон хүн амд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг тогтоож түүнээс урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлийг тодорхойлно.
3.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчинд аль болох бага хохирол учруулах замаар тухайн уул уурхайн үйл ажиллагааг явуулах арга хэмжээг тусгана. Мөн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан журмын дагуу агаар мандал болон усны бохирдолт, амьтан, ургамал, хүн амд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлсон байна.
4.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд дараахь асуудлуудтай холбоотой арга хэмжээг заавал тусгасан байвал зохино:
1/хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис, материалыг хадгалах, хянах;
2/газрын гадаргуугийн болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах;
3/шаардлагатай бол уурхайн хаягдлын аж ахуйн даланг барих, ашиглах, аюулгүй байдлыг нь хангах;
4/тухайн төрлийн уул уурхайн үйл ажиллагааны онцлогтой холбогдсон бусад арга хэмжээ.
5.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тухайн ордыг ашиглаж дууссаны дараа уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газрыг буцааж булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид бусад зориулалтаар нийтийн хэрэгцээнд ашиглаж болохоор нөхөн сэргээх арга хэмжээг мөн тусгана.
6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох аймаг сум /дүүрэг/-ын Засаг даргад хүргүүлнэ.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг баримт бичгүүдийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан үзэж тодорхой шийдвэр гаргах ба лиценз эзэмшигч этгээдэд өөрийн гаргасан шийдвэрийн тухай мэдэгдлийг өгнө.
7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлагдмагц лиценз эзэмшигч нь тухайн ашигт малтмалын орд оршиж буй дэвсгэр нутгийн байгаль орчны хяналтын байгууллагад хүргүүлнэ.
8.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь уурхайн үйл ажиллагаанаас учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон тухайн аймаг, сум /дүүрэг/-ын Засаг даргад Геологи, уул уурхайн хяналтын албанд тус бүр нэг хувийг хүргүүлнэ. Уг тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн тухай, түүнчлэн шинэ техник, технологи ашигласан, эсхүл үйлдвэрийг өргөтгөж хүч чадлыг нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд үзүүлж болзошгүй нэмэгдэл нөлөөлөл, үүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд оруулах өөрчлөлтийн тухай саналыг тусгана.
9.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрчлөлт оруулж болно.
10.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь байгаль орчны холбогдох хууль тогтоомжийн биелэлт, хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий орон нутгийн болон төрийн захиргааны төв байгууллагын албан тушаалтанд уурхайн талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоогоор хангана.
11.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгож холбогдох сум /дүүрэг/-ын Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх мөнгөн хөрөнгийг оруулна. Лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсний дараа уг хөрөнгийг буцааж авах эрхтэй.
12.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдийг бүрэн биелүүлээгүй тохиолдолд хөрөнгө нь тухайн сум /дүүрэг/-ын Засаг дарга барьцаалагдсан хөрөнгөөр байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг лиценз эзэмшигчээр бүрэн гүйцэтгүүлэх ба хэрэв энэ хөрөнгө нь хүрэлцээгүй бол лиценз эзэмшигчээс нэмж шаардагдах хөрөнгийг гаргуулна.
31 дүгээр зүйл.Лиценз эзэмшигч нь лицензийн хугацааг сунгуулах үед байгаль орчны төлөвлөгөөг хянуулах
1.Хайгуулын лицензийг сунгуулахдаа мөрдөгдөж байгаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн, эсхүл шинээр боловсруулж сум /дүүрэг/-ын Засаг даргад хайгуулын лицензийн хугацаа дуусахаас өмнө батлуулахаар хүргүүлнэ.
2.Ашигт малтмал ашиглах лицензийн хугацааг сунгуулах үед байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тухайн лицензийн хүчин төгөлдөр байх хугацаанд шинэ техник технологи хэрэглэсэн, байгаль орчинд нөлөөлөх байдлын батлагдсан үнэлгээнд тусгагдаагүй нөлөөлөл үүссэн тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
32 дугаар зүйл.Орон нутгийн чанартай барилга, байгууламжтай холбоотой харилцааг зохицуулах
1.Лиценз эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааны улмаас тухайн орон нутагт байгаа хувийн болон олон нийтийн зориулалттай орон сууц, худаг ус, өвөлжөө, бусад байгууламж болон түүх, соёлын дурсгалт газарт учруулсан хохирлыг өмчлөгч болон эзэмшигч этгээдэд бүрэн нөхөн төлж, шаардлагатай бол тэдгээрийг шилжүүлэн байрлуулахтай холбогдсон зардлыг гаргана.
33 дугаар зүйл.Нутгийн захиргаатай харьцах
1.Лиценз эзэмшигч нь энэ зүйлд заасны дагуу тухайн нутгийн захиргаатай байгаль орчныг хамгаалах, дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар зөвлөлдөж үйл ажиллагаагаа зохицуулна.
2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар лиценз эзэмшигч нь шаардлагатай гэж үзвэл тухайн нутгийн захиргаанд хандаж олон нийтийн хэлэлцүүлэг явуулах санал тавьж болно.
3.Лиценз эзэмшигч нь орон нутагтай холбогдолтой бүхий л асуудлаар үйл ажиллагаагаа зохицуулах үүрэгтэй төлөөлөгчийг орон нутгийн оршин суугчдын дундаас сонгон авч ажиллуулж болно.
34 дүгээр зүйл.Ажиллах хүчний талаар тавигдах шаардлага
1.Лиценз эзэмшигч нь хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагаа явуулахдаа тэргүүн ээлжинд Монгол Улсын иргэнийг ажилд авч ажиллуулна.
35 дугаар зүйл.Эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах
1.Лиценз эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу ажиллагсад болон тухайн орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангаж үйл ажиллагаагаа явуулна.
36 дугаар зүйл.Уурхайг хаах үед тавигдах шаардлага
1.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь тухайн орон нутгийн оршин суугчдын эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй байдлыг хангах зорилгоор уурхайг хаахаас өмнө мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан журмын дагуу бэлтгэлийг хангана. Лиценз эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах тухайгаа нэг жилээс багагүй хугацааны өмнө албан бичгээр Геологи, уул уурхайн хяналтын албанд мэдэгдэх ба бэлтгэл ажлын хүрээнд дараахь арга хэмжээг заавал хэрэгжүүлсэн байна:
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
1/уурхайн эдэлбэр болон уурхайн талбайг бусад зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг хамгаалах талаар холбогдох бүх арга хэмжээг авах;
2/уурхайн эдэлбэрийг бусад зориулалтаар ашиглахад аюул учруулж болзошгүй хэсгийг найдвартай хаах, хашаа барьж тусгаарлах;
3/тухайн нутгийн захиргаа, эсхүл мэргэжлийн хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх машин, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах.
/Энэ заалтад 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж бэлтгэнэ.
37 дугаар зүйл.Үнэт металл, эрдэнийн чулууг бүртгэх, борлуулах
1.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь олборлосон бүх төрлийн үнэт металл, эрдэнийн чулууны сорьц, чанарыг Сорьцын улсын хяналтын албаар тогтоолгож, тоо хэмжээг бүртгүүлнэ. Сорьц тогтоох, бүртгэх журам, тэдгээрт хамрагдах үнэт металл, эрдэнийн чулууны жагсаалтыг Засгийн газраас тогтооно.
2.Монголбанк үнэт металл, эрдэнийн чулууг худалдан авч, төлбөр хийхдээ дэлхийн зах зээлийн үнийг баримтална.
3.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь үнэт металл, эрдэнийн чулууг зөвхөн Монголбанк болон эрх бүхий арилжааны банкаар дамжуулан экспортод гаргах эрхтэй.
38 дугаар зүйл.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
1.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь ашигт малтмалын лицензээр олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:
1/экспортод бүтээгдэхүүн гаргасан бол тухайн бүтээгдэхүүн, эсхүл түүнтэй ижил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн тогтмол нийтлэгддэг үнийн тухайн сарын дундаж болон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим дээр үндэслэн;
2/дотоодын зах зээл дээр борлуулсан болон дотоод хэрэгцээнд ашигласан тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй ижил, төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;
3/дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох бололцоогүй тохиолдолд, лиценз эзэмшигчдийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн тооцно.
3.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна. Шороон ордоос олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан алтны хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь борлуулалтын үнэлгээний 7,5 хувьтай тэнцүү байна.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
4.Тухайн улиралд олборлож худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг дараагийн улиралд багтаан лиценз эзэмшигч төлнө.
5.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь улирал бүр тухайн улиралд олборлон худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, борлуулалтын үнэлгээг тооцсон үндэслэл, төлбөрийн нийт хэмжээг тусгасан тайланг Геологи, уул уурхайн хяналтын албанаас баталсан загварын дагуу үнэн зөв гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулж тус албанд хүргүүлнэ.
6.Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгон ашиглаж болох үнэ бүрэлдэн тогтож, тогтмол нийтлэгддэг бирж болон мэдээллийн бусад эх үүсвэрийн жагсаалтыг экспортын бүтээгдэхүүний нэр төрлөөс хамааруулан Засгийн газар тогтоож, нийтэд албан ёсоор мэдээлнэ.
39 дүгээр зүйл.Мэдээ, тайлан гаргах
1.Лиценз эзэмшигч нь энэ зүйлд заасан бүх мэдээ тайланг хугацаанд нь үнэн зөв гаргаж, мэргэжлийн хяналтын байгууллага болон Геологи, уул уурхайн кадастрын албанд тус бүр нэг хувийг хүргүүлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
2.Хайгуулын лиценз эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг ирүүлнэ:
1/хайгуулын лицензийг олгосон өдрөөс хойш 30 хоногийн дотор хайгуулын ажлын төлөвлөгөө;
2/жил бүрийн хайгуулын ажлын тайланг Геологийн албанаас баталсан загварын дагуу гаргаж тухайн тайлант хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор;
Уг тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг зардал болон ажиллах хүчтэй холбогдсон мэдээ түүнчлэн хайгуулын ажлын үр дүнг тусгаж, ажил хийгдсэн газрыг тэмдэглэсэн газрын зургийг хавсаргана.
Хайгуулын лицензийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын үр дүнгийн нэгдсэн эцсийн тайлан болон анхдагч материалуудын нэг хувийг үнэ төлбөргүйгээр хүлээлгэн өгнө.
Геологи уул уурхайн хөгжлийн агентлаг уг тайлан дахь ашигт малтмалын ордын нөөцийн тооцоонд шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр нөөцийг хүлээн авч, түүнийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргаж байна.
3/энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан аюулгүй ажиллагаатай холбогдолтой мэдээ тайлан.
3.Геологи уул уурхайн хөгжлийн агентлаг нь дутуу мэдээ, тайланг лиценз эзэмшигчээс гаргуулж авах эрхтэй.
4.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг ирүүлнэ:
1/ашигт малтмал ашиглах лиценз авснаас хойш 60 хоногийн дотор тухайн орд газрыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл;
2/жил бүрийн 9 дүгээр сард багтаан Уул уурхайн албанаас баталсан загварын дагуу гаргасан дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд;
3/тухайн жилийн үйл ажиллагааны тайланг дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор Уул уурхайн албанаас баталсан загварын дагуу гаргаж тус албанд; Тайланд дараахь зүйлүүдийг заавал тусгана:
а/ажилласан өдөр, ажиллагсадын тухай тоо баримт, лиценз эзэмшигчийн өмчлөх эрхийг хөндсөн бүх төрлийн гэрээ, хэлцлийн тухай;
б/уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо, уурхайн нийт ажиллах хугацаа, үйлдвэрлэлийн дамжлагын схем, өргөтгөл, шинэтгэлийн ажил;
в/олборлосон хүдэр, үйлдвэрлэсэн, ачуулсан ба борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, хүдэр, хөрс, хаягдлын овоолго, бүтээгдэхүүнийг борлуулсан үнэ, түүнийг худалдан авагчийн тухай мэдээлэл, тухайн жилд оруулсан хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон ашиглаж байгаа тоног төхөөрөмж түүнчлэн бусад хөрөнгийн тухай мэдээ баримт;
4/энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан аюулгүй ажиллагаатай холбогдолтой тайлан.
5.Лиценз эзэмшигч нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон тайланг гаргаж аймаг, сум /дүүрэг/-ын Засаг даргад хүргүүлнэ.
6.Лиценз эзэмшигч нь энэ хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг Үндэсний татварын албанаас баталсан маягтын дагуу улирал тутам өссөн дүнгээр гаргаж, дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны эхний сарын 20-ны дотор Үндэсний татварын албанд тушаана. /Энэ хэсгийг 2002 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн./
ТАВДУГААР БҮЛЭГ. Лицензийг бусдад шилжүүлэх, барьцаалах
[edit]40 дүгээр зүйл.Лицензийг шилжүүлэх
1.Лиценз эзэмшигч нь уг лицензийг эзэмших эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан, эсхүл өв залгамжлах, аж ахуйн нэгжүүд нэгдэж нийлэх, аж ахуйн нэгж дампуурах зэрэг хуулиар зөвшөөрөгдсөн тохиолдлуудад лицензийг шилжүүлж болно. Лицензийг шилжүүлсэн тухай бүр Геологи, уул уурхайн кадастрын албанд энэ зүйлд заасны дагуу бүртгүүлэх ба ийнхүү бүртгүүлснээр лицензийг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.
2.Лицензийг шилжүүлэн өгч байгаа, эсхүл шилжүүлэн авч байгаа, тал нь Геологи, уул уурхайн кадастрын албанаас баталсан загварын дагуу лиценз шилжүүлэхийг бүртгүүлэхээр өргөдөл гаргана.
Өргөдөл нь дараахь шаардлагыг хангасан байна:
1/шилжүүлж байгаа лицензийн дугаар, олгосон он, сар, өдөр, Геологи, уул уурхайн кадастрын албанд лиценз эзэмшигчээр бүртгэгдсэн этгээдийн нэрийг тусгана;
2/лицензийг шилжүүлэх тухай гэрээний хувь, лиценз эзэмшигч нь дампуурсан тохиолдолд холбогдох шүүхийн шийдвэр, нас барсан, хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан тухай гэрчилгээ болон лицензийг шилжүүлснийг нотлох хуулийн хувьд хүчин төгөлдөр бусад баримт бичиг хавсаргана;
3/лицензийг шилжүүлэн авч байгаа этгээд нь энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан тухай нотлох баримт бичиг хавсаргасан байна;
4/лицензийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг лицензийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг нь бүрэн хүлээн зөвшөөрч байгаа нотолгоог Геологи, уул уурхайн кадастрын албанаас баталсан загварын дагуу өргөдөлд хавсаргана.
3.Лицензийг шилжүүлснийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан этгээд нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон үйлчилгээний хөлс төлж, баримтыг өргөдөлд хавсаргана.
4.Геологи, уул уурхайн кадастрын алба нь өргөдлийг хүлээн авсан даруйд өргөдөл гаргасан этгээдийн нэр, өргөдөл гаргасан он, сар, өдөр шилжүүлж байгаа лицензийн төрөл, дугаарыг тусгасан баримтыг хүсэлт гаргасан этгээдэд өгнө.
5.Лиценз шилжүүлснийг бүртгүүлэх тухай өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын алба нь хүлээн авсан даруй түүнийг бүртгэж дараахь зүйлүүдийг тодруулна:
1/өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх;
2/шилжүүлэхийг хүссэн лиценз нь хүчин төгөлдөр байгаа эсэх;
3/лицензийг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг лицензийг эзэмших эрхтэй эсэх.
6.Лиценз шилжүүлснийг бүртгүүлэх тухай өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга дараахь шийдвэрүүдийн аль нэгийг гаргана:
1/лиценз шилжүүлснийг бүртгэж, шилжүүлж байгаа лицензийн гэрчилгээнд зохих тэмдэглэл хийх;
2/өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал нэмэлт мэдээлэл ирүүлэхийг өргөдөл гаргагчаас хүсэх;
3/лицензийг шилжүүлэн авч байгаа тал уг лицензийг эзэмших эрхгүй, эсхүл шилжүүлэхийг хүссэн лиценз нь хүчин төгөлдөр биш бол уг өргөдлийг буцааж, энэ тухай өргөдөл гаргагчид мэдэгдэх.
Өргөдөл нь энэ зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд өргөдөл гаргагч нь энэ тухай мэдэгдлийг авснаас хойш ажлын 10 өдрийн дотор шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг бүрдүүлэн Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлнэ. Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга ажлын 5 өдөрт багтааж энэ зүйлийн 6 дахь хэсгийн 1, эсхүл мөн хэсгийн 3-д заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргана.
7.Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийг шилжүүлснийг бүртгэсэн тухай мэдэгдлийг мэргэжлийн хяналтын байгууллага болон Геологи, уул уурхайн хөгжлийн агентлагт, ашигт малтмал ашиглахын лиценз шилжүүлсэн тухай мэдэгдлийг Сангийн яаманд тус тус бичгээр, олон нийтэд зориулан албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
41 дүгээр зүйл.Лицензээр олгогдсон талбайн хэсгийг шилжүүлэх
1.Лиценз эзэмшигч лицензээр олгогдсон талбайн хэсгийг гэрээний үндсэн дээр тухайн төрлийн лиценз эзэмших эрх бүхий этгээдэд шилжүүлж болно. Энэ тохиолдолд шилжүүлэх болон үлдэх талбайн хэмжээ, хэлбэр, байршил нь энэ хуулиар тавигдах шаардлагад нийцсэн байвал зохино. Лицензээр олгогдсон талбайн тодорхой хэсгийг шилжүүлснийг энэ хуулийн 40 дүгээр зүйл болон энэ зүйлд заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанд бүртгүүлэх ба ийнхүү бүртгүүлснээр уг гэрээ нь хүчин төгөлдөр болно.
2.Талбайн хэсгийг шилжүүлснийг бүртгүүлэх тухай өргөдөлд шилжүүлэхийг хүссэн талбайн байршлын тодорхойлолтыг хавсаргах ба уг тодорхойлолтод ашигт малтмал ашиглах лиценз анх авахад энэ хуулийн дагуу бүрдүүлэх шаардлагатай мэдээлэлтэй ижил мэдээллүүдийг тусгасан байна.
3.Өргөдөл гаргагч нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тогтоосон үйлчилгээний хөлсийг төлж баримтыг өргөдөлд хавсаргана.
4.Геологи, уул уурхайн кадастрын алба шилжүүлж байгаа талбай нь түүнийг шилжүүлэн өгч байгаа этгээдийн эзэмшиж байгаа лицензээр олгогдсон талбайд бүрэн хамрагдаж байгаа эсэхийг нягтлан шалгана.
5.Хүчин төгөлдөр лицензээр олгогдсон талбайгаас тодорхой хэсгийг лиценз эзэмших эрх бүхий этгээдэд энэ хуулийн дагуу шилжүүлсэн тухай бүрд Геологи, уул уурхайн кадастрын алба дараахь арга хэмжээнүүдийг авна:
1/шилжүүлсэн болон үлдэх талбайн байршил, булангийн цэгүүдийн солбицлыг лицензийн бүртгэл, лицензийн зураг зүйн бүртгэлд тус тус бүртгэх;
2/талбайгаа шилжүүлэн өгч байгаа этгээдийн лицензийн гэрчилгээнд зохих тэмдэглэл хийх;
3/талбайн хэсгийг шилжүүлэн авч байгаа этгээдэд тусад нь лиценз олгох.
42 дугаар зүйл.Лицензийг барьцаалах
1.Лиценз эзэмшигч нь Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай санхүүжилт олох зорилгоор хайгуул ашиглалтын баталгаа болгож лицензээ Иргэний хуульд нийцүүлэн барьцаанд өгч болно. Лицензийг барьцаалсан гэрээ Геологи, уул уурхайн кадастрын албанд энэ хуулийн 40 дүгээр зүйл болон энэ зүйлийн дагуу бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно.
2.Лиценз барьцаалуулагч барьцаалсны гэрээний нэг хувийг лицензийн хамт Геологи, уул уурхайн кадастрын албанд хүргүүлнэ. Лиценз барьцаалагч уг лицензээр олгогдсон эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаагаа нотлох шаардлагагүй.
3.Геологи, уул уурхайн кадастрын алба лиценз барьцаалсныг бүртгүүлэх тухай өргөдөл энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж үзнэ.
4.Лиценз барьцаалсныг бүртгүүлэх тухай өргөдөл нь энэ хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж байвал Геологи, уул уурхайн кадастрын алба уг лиценз барьцаалсныг бүртгэж, лиценз барьцаалагчид лицензийн гэрчилгээг хадгалуулна. Бүртгэлд лицензийн гэрчилгээний дугаар, эзэмшигч болон лиценз барьцаалагчийн нэр, хаягийг бүртгэнэ.
5.Лицензийн барьцааны эрх дуусгавар болсны дараа уг лицензийг эзэмшигч нь дараахь баримт бичгүүдийг өргөдлийн хамт Геологи, уул уурхайн кадастрын албанд хүргүүлнэ:
1/лицензийг барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ тухайн лиценз эзэмшигч нь бүрэн биелүүлж, лицензийн барьцааны эрх дуусгавар болсныг уг лицензийг барьцаалагч зөвшөөрч гарын үсэг зурсан мэдэгдэл;
2/барьцаалагдсан лицензийн гэрчилгээ;
Эдгээр баримтуудыг хүлээн авсны дараа Геологи, уул уурхайн кадастрын алба лицензийн барьцаа дуусгавар болсныг бүртгэж, лицензийн гэрчилгээг эзэмшигчид нь буцааж өгнө.
6.Лиценз барьцаалагдсан байх үед уг лицензийг барьцаалагч албан бичгээр зөвшөөрсөн эсхүл хайгуулын лицензийг өв залгамжлагчид шилжүүлэхээс бусад тохиолдолд тухайн лицензийг бусад этгээдэд шилжүүлэхийг хориглоно.
43 дугаар зүйл.Лицензийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх
1.Лиценз барьцаалуулагч барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд лицензийг тухайн лиценз эзэмших эрх бүхий этгээдэд шилжүүлэхийг барьцаалагч хүсвэл энэ хуулийн 40 дүгээр зүйл болон энэ зүйлд заасны дагуу өргөдөл гаргаж Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлнэ.
2.Лиценз барьцаалагч уг лицензийг эзэмших эрх бүхий этгээдэд шилжүүлснийг бүртгүүлэх тухай өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
1/лиценз шилжүүлэхийг зөвшөөрсний нотолгоо болгож тухайн лиценз барьцаалуулагчийн гарын үсэг бүхий баримт болон лицензийг барьцаанд авсан этгээд нь лицензийг шилжүүлэн авсан тухайгаа мэдэгдсэн мэдэгдэл;
2/барьцаалагдсан лицензийн гэрчилгээ;
3/лиценз шилжүүлэн авч байгаа этгээд нь уг лицензийг барьцаалагчаас өөр этгээд байвал энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичиг;
4/лицензийг шилжүүлэн авч байгаа этгээд нь лицензийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо.
3.Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг үндэслэн энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гаргана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ. Хайгуулын болон ашигт малтмал ашиглах лиценз дуусгавар болох
[edit]44 дүгээр зүйл.Лиценз бүрмөсөн дуусгавар болох үндэслэлүүд
1.Лиценз дараахь тохиолдолд бүрмөсөн дуусгавар болно:
1/лицензийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;
2/лиценз эзэмшигч нь энэ хуулийн 46 дугаар зүйлд заасны дагуу лицензээр олгогдсон талбайгаа бүхэлд нь хүлээлгэж өгсөн;
3/Геологи, уул уурхайн кадастрын алба лицензийг цуцалсан.
2.Лицензээр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгсөн тухай бүрд буцааж хүлээлгэн өгсөн талбайн хувьд тухайн лиценз дуусгавар болно.
3.Лиценз дуусгавар болсноор байгаль орчныг нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 29, З0 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах бусад хууль тогтоомжийн дагуу тухайн лиценз эзэмшигчийн хүлээх үүргээс бусад бүх эрх, үүрэг дуусгавар болно.
4.Лиценз дуусгавар болоход түүнийг эзэмшиж байсан этгээд тухайн лицензийн гэрчилгээг Геологи, уул уурхайн кадастрын албанд буцааж өгөх ба уг талбайд энэ хуульд заасны дагуу шинээр лиценз олгож болно.
5.Энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасны дагуу хайгуулын болон уурхайн талбайд үлдээхийг зөвшөөрсөн тоног төхөөрөмж, барилга байгууламж, бусад эд хөрөнгийг өмчлөх асуудлыг Иргэний хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
45 дугаар зүйл.Лицензээр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх
1.Лиценз эзэмшигч нь лицензээр олгогдсон талбайн тодорхой хэсгийг өөрийн хүсэлтээр энэ зүйлд заасан журмын дагуу буцааж хүлээлгэн өгч болно.
2.Лиценз эзэмшигч өөрийн талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх тухай өргөдлөө буцааж хүлээлгэн өгөх талбайн тодорхойлолтын хамт Геологи, уул уурхайн кадастрын албанаас баталсан загварын дагуу гаргаж уг албанд гаргана. Хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх тохиолдолд буцааж хүлээлгэн өгөх талбайн тодорхойлолт нь энэ хуулийн 1З дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн, уурхайн талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх тохиолдолд энэ хуулийн 17 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан шаардлагад тус тус нийцсэн байна.
3.Талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана:
1/лицензийн гэрчилгээ;
2/буцааж хүлээлгэн өгөх талбайн хувьд байгаль орчныг хамгаалах талаар лиценз эзэмшигч хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай тухайн сум /дүүрэг/-ын Засаг даргын тодорхойлолт;
3/энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2-д заасан тайлан.
4.Лицензээр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгсний дараа үлдэх талбай энэ хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
5.Энэ зүйлд заасны дагуу гаргасан өргөдлийг Геологи, уул уурхайн кадастрын алба хүлээн авсны дараа талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгснийг бүртгэж, тухайн лицензийн гэрчилгээнд зохих өөрчлөлтийн тэмдэглэгээг хийнэ.
6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тодорхой талбайг буцааж хүлээлгэн өгөх тухай өргөдлийг бүртгэснээр уг талбайг буцааж хүлээлгэн өгсөнд тооцно.
7.Талбайн тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгсөн нь түүнээс өмнө төлсөн лицензийн төлбөрийг бууруулах буюу нөхөн олгох үндэслэл болохгүй.
46 дугаар зүйл.Лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөх
1.Лиценз эзэмшигч нь Геологи, уул уурхайн кадастрын албаны баталсан загварын дагуу өргөдөл гаргаж, энэ зүйлд заасны дагуу бүртгүүлсний үндсэн дээр лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгч болно.
2.Талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөх тухай өргөдөлд дараахь баримт бичгүүдийг хавсаргана:
1/лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхайг хаах, мэдээ, тайлан гаргах болон хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргээ бүрэн биелүүлснийг нотлох тодорхойлолт;
2/тухайн лиценз барьцаанд байгаа бол барьцаалагч талбайг буцааж хүлээлгэн өгөхийг зөвшөөрсөн, түүний гарын үсэг бүхий албан бичиг;
3.Талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгөх өргөдлийг хүлээн авсан даруйд уг өргөдөл энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг хянасны үндсэн дээр Геологи, уул уурхайн кадастрын алба нь лицензийн бүртгэлд бүртгэж, лицензийн зураг зүйн бүртгэлд зохих өөрчлөлт оруулна.
4.Лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгсний дараа лицензийн гэрчилгээг Геологи, уул уурхайн кадастрын албанд буцааж өгнө.
5.Геологи, уул уурхайн кадастрын алба нь тухайн лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээн авсан тухай зохих байгууллагуудад мэдэгдэж, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
6.Лиценз эзэмшигч нь талбайгаа хүлээлгэн өгснийхөө дараахь хоёр жилийн хугацаанд тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй.
Хэрэв талбайгаа буцааж өгөгч нь аж ахуйн нэгж, байгууллага бол тухайн лиценз эзэмшигч этгээдийн санал өгөх эрхийнх нь 50 хувиас илүүг эзэмшдэг, эсхүл тухайн лиценз эзэмшигч санал өгөх эрхийнх нь 50-иас дээш хувиас дээш хувийг эзэмшдэг гуравдагч этгээдэд энэ заалт нэгэн адил хамаарна.
47 дугаар зүйл.Лицензийг цуцлах
1.Энэ хуулийн З дугаар бүлэгт заасан лиценз эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангаагүй болох нь тогтоогдвол Геологи, уул уурхайн кадастрын алба тухайн лицензийг энэ зүйлд заасны дагуу цуцална.
2.Лицензийг Геологи, уул уурхайн кадастрын алба зөвхөн тус албаны даргын шийдвэрээр дараахь үндэслэлээр цуцална:
1/лиценз эзэмшигч нь энэ хуульд заасны дагуу эрх бүхий этгээдийн байдлаа алдсан;
2/лиценз эзэмшигч энэ хуулийн 24 дүгээр зүйлийн дагуу төлбөл зохих лицензийн төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй буюу энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд лицензийн төлбөр, алданги төлөөгүй;
/Энэ заалтад 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
3/хайгуулын буюу уурхайн талбайг тусгай хэрэгцээний газарт авсны улмаас нөхөн олговрыг лиценз эзэмшигчид бүрэн төлсөн.
3.Лицензийг цуцлах үндэслэл бүрдсэнийг тогтоосон даруйд Геологи, уул уурхайн кадастрын алба энэ тухай лиценз эзэмшигч болон тухайн лицензийг барьцаалагчид энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Уг мэдэгдэлд лицензийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заасан байвал зохино.
4.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан мэдэгдлийг авснаас хойш 30 хоногийн дотор лицензийн төлбөрийг, тогтоосон алдангийн хамт төлсөн, эсхүл лиценз эзэмшигч буюу тухайн лицензийг барьцаалагч мэдэгдэлд заасан үндэслэл бүрдээгүй гэж үзвэл энэ тухай нотлох баримт бичгийг Геологи, уул уурхайн кадастрын албанд ирүүлж болно.
/Энэ хэсэгт 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
5.Геологи, уул уурхайн кадастрын алба лиценз эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримт бичгийг хянан үзэж, түүнийг хүлээн зөвшөөрвөл уг лицензийг цуцлах тухай мэдэгдлээ хүчингүй болгож, энэ тухай лиценз эзэмшигчид мэдэгдэнэ.
6.Лиценз эзэмшигчийн ирүүлсэн нотлох баримт бичгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга лиценз эзэмшигч болон барьцаалагчид өөрийн дүгнэлтийн тухай мэдэгдэж лицензийг цуцална.
7.Лиценз эзэмшигч болон лицензийг барьцаанд авсан этгээд нь тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй.
8.Лиценз эзэмшигч болон лицензийг барьцаалагч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гартал тухайн талбайд шинээр лиценз олгохгүй.
9.Геологи, уул уурхайн кадастрын алба лицензийг цуцалсан тухайгаа мэргэжлийн хяналтын байгууллага болон Геологи, уул уурхайн хөгжлийн агентлаг, түүнчлэн ашигт малтмалыг ашиглах лиценз цуцалсан тохиолдолд Сангийн яаманд тус тус мэдэгдэн, албан ёсоор нийтэлж, нийтэд мэдээлнэ.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
ДОЛДУГААР БҮЛЭГ. Ашигт малтмалын хайгуулын болон ашигт малтмал ашиглах лицензтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх
[edit]48 дугаар зүйл.Лиценз эзэмшигчдийн талбайн хилийн маргааныг шийдвэрлэх
1.Лиценз эзэмшигчдийн хооронд үүссэн талбайн хилийн маргааныг Геологи, уул уурхайн кадастрын алба шийдвэрлэнэ. Хилийн маргаанд оролцогч талууд маргааныг шийдвэрлүүлэхээр Геологи, уул уурхайн кадастрын албанд хандаж болно.
2.Геологи, уул уурхайн кадастрын алба маргаанд оролцогч талуудад өөрсдийн байр сууриа бичгээр илэрхийлэх болон харилцан өөрсдийн үндэслэлээ тайлбарлах бололцоог олгоно.
3.Геологи, уул уурхайн кадастрын алба лицензийн бүртгэлд болон лицензийн зураг зүйн бүртгэлд маргаантай талбайнууд хоорондоо аль нэг байдлаар давхцаж байгаа эсэхийг шалгана. Хэрэв давхцал байгаа нь тогтоогдвол Геологи, уул уурхайн кадастрын алба лиценз эзэмшигчийн анхны өргөдөл болон хээрийн хэмжилтийн тайлан дээр үндэслэн талбайн хил, булангийн цэгүүдийн солбицлууд зөв бүртгэгдсэн эсэхийг тогтооно.
4.Хэмжилтийн үр дүнд давхцал байгаа нь тогтоогдвол Геологи, уул уурхайн кадастрын алба сүүлд авсан лицензээр олгогдсон талбайд зохих өөрчлөлтийг оруулж, давхцлыг арилгана.
5.Геологи, уул уурхайн кадастрын алба лицензийн талбайн маргаантай хилийг геодезийн итгэмжлэгдсэн мэргэжилтнээр хэмжүүлж тогтоолгох бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардал, хохирлыг буруутай этгээдээр гаргуулна.
6.Геологи, уул уурхайн кадастрын алба нь маргаантай хил, цэгүүдийн солбицлыг шалгаж, холбогдох засвар өөрчлөлтийг хийсэн шийдвэр гаргаж, энэ тухай маргаанд оролцогч талуудад мэдэгдэнэ.
7.Маргаанд оролцогч талууд Геологи, уул уурхайн кадастрын албаны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.
49 дүгээр зүйл.Лиценз эзэмшигч ба газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд гарсан маргааныг шийдвэрлэх
1.Лиценз эзэмшигч ба газар өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хооронд тухайн газарт нэвтрэн орох, дамжин өнгөрөх, ашиглах талаар гарсан маргааныг Газрын тухай хууль, Иргэний хууль болон бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
50 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах
1.Иргэн, хуулийн этгээд энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн захиргааны албан тушаалтан, байгууллагын үйлдэл буюу эс үйлдлийн талаар холбогдох дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхэд хандаж болно.
51 дүгээр зүйл.Тогтвортой байдлын гэрээтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлэх
1.Энэ хуулийн 20, 21 дүгээр зүйлд заасны дагуу Засгийн газартай байгуулсан Тогтвортой байдлын гэрээтэй холбогдон үүссэн маргааныг Арбитрын тухай хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний дагуу шийдвэрлэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ. Хариуцлага хүлээлгэх
[edit]52 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
1.Ашигт малтмалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч зөрчлийн шинж байдлыг харгалзан гэм буруутай этгээдэд дор дурдсан шийтгэл ногдуулна:
1/холбогдох лицензгүй этгээд хайгуул хийсэн, ашигт малтмал олборлосон, борлуулсан, орд ашигласан бол хууль бусаар олсон орлого буюу бүтээгдэхүүнийг улсад хурааж, ашигт малтмалын үнэлгээг 2 нугалсан хэмжээгээр торгууль ногдуулна. Энэ тохиолдолд торгуулийн хэмжээ нь Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан торгуулийн дээд хэмжээнээс хэтрэхгүй байна;
2/энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан тайлан мэдээг цаг тухайд нь гаргаж өгөөгүй, хуурамч мэдээ тайлан гаргасан тохиолдолд гэм буруутай этгээдийг 10000-60000 хүртэл төгрөгөөр торгох;
3/лиценз эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд хууль бусаар саад учруулсан гэм буруутай иргэнийг 10000-40000 хүртэл, албан тушаалтныг 20000-60000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгох;
4/лиценз эзэмшигч энэ хуулийн 4 дүгээр бүлэгт заасан лицензийн дагуу үйл ажиллагаа явуулахад тавигдах нийтлэг үүргийг биелүүлээгүй тухай бүр гэм буруутай иргэнийг 10000-50000 хүртэл, албан тушаалтныг 10000-60000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгож, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
5/хайгуул хийх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй бол гэм буруутай иргэнийг 15000-50000 хүртэл, албан тушаалтныг 20000-60000 хүртэл, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 хүртэл төгрөгөөр торгох;
6/байгаль орчныг хамгаалах хууль тогтоомж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө болон уул уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм журмын зөрчлийг үргэлжлүүлэн гаргасан тохиолдолд тухайн лиценз эзэмшигчийн хайгуул хийх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг 60 хүртэл хоногийн хугацаагаар түр зогсоох, илэрсэн зөрчлийг үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд тухайн лиценз эзэмшигчийн хайгуулын ажлыг бүрмөсөн зогсоох, уурхайг хаах;
7/ашигт малтмалын борлуулалтын үнэлгээг санаатайгаар бууруулсан, бууруулахыг оролдсон гэм буруутай хуулийн этгээдийг 100000-250000 хүртэл төгрөгөөр торгож дутуу төлсөн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлүүлж, түүнтэй тэнцэх хэмжээний алданги ногдуулах;
8/энэ хуулийн дагуу зохих байгууллагаар үнэт металл, эрдэнийн чулууны сорьцыг тогтоолгож, бүртгүүлэх журмыг зөрчсөн хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох;
9/ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч олборлосон ашигт малтмалын хэмжээг нуун дарагдуулсан, хуурамч гэрээ байгуулах, эсхүл шударга бус үнээр дамжуулан борлуулах зэргээр борлуулалтын орлогыг санаатайгаар бууруулсан тохиолдолд гэм буруутай хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгож борлуулалтын дутууг тооцож улсын орлогод хурааж авах, нөхөн төлүүлэх;
10/Геологи, уул уурхайн кадастрын алба энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд хугацааг хэтрүүлсэн ажлын 1О өдөр тутамд үйлчилгээний хөлстэй тэнцэх төлбөрийг өргөдөл гаргагч этгээдэд төлөх, эсхүл өргөдөл гаргагчийн хүсэлтээр эхний жилийн лицензийн төлбөрөөс суутган тооцох;
11/Геологи, уул уурхайн кадастрын алба энэ хуулийн 17 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан хугацаанд шийдвэр гаргаагүй тохиолдолд хугацааг хэтрүүлсэн хоног тутам үйлчилгээний хөлстэй тэнцэх төлбөрийг өргөдөл гаргагч этгээдэд төлөх, эсхүл лицензийн эхний жилийн төлбөрөөс суутгаж тооцох;
12/хууль тогтоомжид заасан бусад шийтгэл.
2.Хяналт шалгалт явуулж байгаа эрх бүхий ажилтанд үүргээ гүйцэтгэхэд санаатайгаар саад учруулсан гэм буруутай этгээдэд шүүх 30000 хүртэл төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
3.Лиценз эзэмшигч нь лицензийн төлбөрийг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө.
/Энэ хэсгийг 1999 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн./
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ. Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх байгууллагын бүтэц, тогтолцоо
[edit]53 дугаар зүйл.Геологи, уул уурхайн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих улсын хяналт
1.Хайгуул хийх, ашигт малтмал ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын байгууллага, орон нутагт хяналтын албад эрхлэн зохион байгуулж хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлийг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
54 дүгээр зүйл.Геологи, уул уурхайн хөгжлийн агентлаг
1.Геологи, уул уурхайн хөгжлийн агентлаг нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэгч агентлаг мөн бөгөөд Геологийн алба, Уул уурхайн алба, Кадастрын алба гэсэн 3 нэгжтэй байна.
2.Геологи, уул уурхайн хөгжлийн агентлаг нь мэргэжлийн хяналтын байгууллагаас тусдаа үйл ажиллагаа явуулна.
/Энэ хэсэгт 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
55 дугаар зүйл.Геологи, уул уурхайн кадастрын алба
1.Геологи, уул уурхайн кадастрын алба дараахь бүрэн эрхтэй:
1/лиценз авах тухай өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх;
2/лицензийн бүртгэл хөтлөх;
3/лицензийн зураг зүйн бүртгэл хөтлөх;
4/хайгуулын ба ашигт малтмал ашиглах лиценз олгох;
5/аливаа үйлчилгээний хөлс, лицензийн төлбөрийг хураан авах, хууль тогтоомжийн дагуу хуваарилах;
6/ашигт малтмалын тойм судалгаа хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх;
7/лиценз эзэмшигчдийн хооронд гарсан хилийн маргааныг хянан шийдвэрлэх;
8/сонирхсон этгээдэд лицензийн бүртгэл болон лицензийн зураг зүйн бүртгэлтэй танилцах бололцоог олгох, дээрх бүртгэлд орсон өөрчлөлтийн тухай төрийн захиргааны холбогдох байгууллагад мэдэгдэж, албан ёсоор нийтлэх, нийтэд мэдээлнэ.
56 дугаар зүйл.Геологийн алба
1.Геологийн алба нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагыг геологи, эрдсийн баялагийн судалгааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах талаар мэдээллээр хангах, энэ чиглэлээр судалгаа хийх үүрэгтэй бөгөөд дараахь үндсэн үйл ажиллагаа эрхэлнэ:
1/Монгол Улсын нутаг дэвсгэр дээр региональ геологи, гидрогеологийн зураглал, геофизикийн судалгаа хийх;
2/Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэлбэршилтийн судалгаа хийж, эрдэс баялгийн нөөцийн үнэлгээ өгөх;
3/нийгэм-эдийн засгийн бүхий л хүрээнд нөлөөлөх байгалийн хүчин зүйл болоод хүний үйл ажиллагаанд геоэкологийн судалгаа хийж үнэлгээ өгөх;
4/нууцын зэрэглэлд хамааруулснаас бусад геологи, уул уурхайн бүх төрлийн мэдээлэл, түүний дотор ашигт малтмалын хуулийн дагуу лиценз эзэмшигчийн өгсөн мэдээллийг сонирхсон этгээдэд хүргэх;
5/үндэсний геологи, эрдсийн баялагийн мэдээллийн санг хөтөлж баяжуулах.
57 дугаар зүйл.Уул уурхайн алба
1.Уул уурхайн алба нь геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уул уурхайн салбарын хөгжлийн асуудлаар судалгаа явуулж, мэдээллээр хангах бөгөөд дараахь чиглэлийн судалгааны үйл ажиллагааг эрхэлнэ:
1/уул уурхайн үйлдвэрлэлд хэрэглэгдэж байгаа техник технологид үнэлэлт, дүгнэлт өгөх, техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх;
2/уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх, бүрэлдэн бий болсон нөхцөл байдалд үнэлэлт өгөх;
3/уул уурхайн үйлдвэрлэлээс улс орны нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт үзүүлж байгаа нөлөөллийг үнэлэх, дүгнэлт гаргах;
4/уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ, үнийг судлах, хэтийн төлөвийг тодорхойлох;
5/уул уурхайн үйлдвэрлэлийн тодорхой төслийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах чиглэлийн талаархи санал боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх.
АРАВДУГААР БҮЛЭГ. Бусад зүйл
[edit]58 дугаар зүйл.Холбогдох этгээдэд мэдэгдэл өгөх
1.Лиценз олгох, бүртгэх болон үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төрийн захиргааны байгууллага нь өөрийн гаргасан шийдвэрийн талаар холбогдох этгээдэд албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
2.Дээрхи мэдэгдлийг бичгээр эсхүл албан ёсоор нийтлэх замаар хүргүүлэх буюу биечлэн гардуулна. Мэдэгдлийг хүргүүлсэн хугацааны талаар маргаан гарвал мэдэгдлийг албан ёсоор нийтэлсэн өдрийг мэдэгдэл өгсөн өдөрт тооцно.
59 дүгээр зүйл.Төлбөр, хураамжийг төлөх
1.Энэ хуульд америк доллараар илэрхийлсэн төлбөр, хураамжийн тооцоо хийхдээ төлбөр хийх тухайн өдрийн Монголбанкнаас тогтоосон албан ёсны ханшийг хэрэглэнэ.
60 дугаар зүйл.Ашигт малтмалтай холбоотой мэдээлэл, бүртгэлтэй танилцах
1.Сонирхсон этгээд лиценз авах өргөдөл болон лицензийн бүртгэл түүнчлэн лицензийн зураг зүйн бүртгэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
2.Лиценз эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник эдийн засгийн үндэслэл нь тухайн лиценз хүчин төгөлдөр байх хугацаанд лиценз эзэмшигчийн нууцад хамаарна.
Нууцад хамаарах мэдээллийг Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно. Сонирхсон этгээд нууцад хамааруулаагүй ашигт малтмалтай холбогдсон бүхий л мэдээлэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
61 дүгээр зүйл.Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуваарилах
Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт оруулна.
/Энэ хэсэгт 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон ба 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
62 дугаар зүйл.Лицензийн төлбөрийг ашиглах тухай
1.Ашигт малтмалын лицензийн төлбөрийг улсын төсөвт төлнө.
/Энэ зүйлд 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./
63 дугаар зүйл.Уул уурхайн үйлдвэрлэлийн санхүү, бүртгэлийн онцлог нөхцөл
1.Тухайн лицензээр олгогдсон талбайд хайгуулын ажлын зардал болон уурхай орших талбайг бэлтгэхтэй холбогдон гарах зардлыг үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулж, шимтгэлийн сан байгуулна.
2.Лиценз эзэмших болон шилжүүлэн авахтай холбогдон гарах зардлыг тухайн ашигт малтмал ашиглах лицензийн хүчинтэй байх хугацаанд тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан шимтгэлийн сан байгуулна.
3.Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа бүх үндсэн хөрөнгийн элэгдэл хорогдлын санг 5 жилийн хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулна.
4.Уул уурхайн үйлдвэрлэлийн тухайн жилд гарсан алдагдлыг уг алдагдал гарсан санхүүгийн жил дууссанаас хойшхи З жилийн хугацаанд татвар ногдуулах орлогоос хасаж тооцно.
5.Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигчийн байгуулсан үйлдвэрлэлийн болон нийгмийн дэд бүтцэд зарцуулсан бүх хөрөнгийн элэгдэл хорогдлын санг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрийн зардалд оруулна.
6.Уул уурхайн үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүх төрлийн засварын зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно.
7.Энэ зүйлийн 1-6 дахь заалтуудыг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам, зааврыг Сангийн яам гаргана.
64 дүгээр зүйл.Үйлчилгээний хөлс
1.Лиценз авах, шилжүүлэх, хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах, барьцаалах, барьцааны дагуу шилжүүлэх, лицензээр олгогдсон талбайг бүхэлд нь буюу тодорхой хэсгийг буцааж хүлээлгэн өгөх, хилийн маргааныг шийдвэрлүүлэх тухай өргөдөл гаргахад тогтоосон үйлчилгээний хөлсийг өргөдөл гаргагч төлнө.
65 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
1.Энэ хуулийг 1997 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |