Jump to content

Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль

From Wikisource
Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль (2012)
322067Монгол Улсын Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль2012

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

[edit]

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, хүний үйл ажиллагааны улмаас байгаль орчны тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэх, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатайгаар байгалийн нөөц ашиглалт явуулах, бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон аливаа төслийн байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, хэрэгжүүлэх эсэх талаар дүгнэлт, шийдвэр гаргах, оролцогч талуудын харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж

2.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."төсөл" гэж шинээр байгуулах болон ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, уул уурхай, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх зэрэг аливаа үйл ажиллагааг;

3.1.2."төсөл хэрэгжүүлэгч" гэж тухайн төслийг хариуцагч иргэн, хуулийн этгээдийг;

3.1.3."байгаль орчны стратегийн үнэлгээ" гэж улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад түүний хэрэгжилтээс байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэл, сөрөг нөлөөлөл, үр дагаврыг уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлага, гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюултай уялдуулан тодорхойлохыг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.4."байгаль орчны төлөв байдлын үнэлгээ" гэж аливаа төслийн техник, эдийн засгийн төлөвлөлтийн баримт бичиг, зураг төсөл, улсын болон бүс нутаг, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулах явцад тэдгээрийг хэрэгжүүлэх нутаг дэвсгэрийн байгаль орчны төлөв байдлыг судлан тогтоож цаашид төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө, бодлого боловсруулахад анхаарах байгалийн нөхцөл, орчны онцлогийг тодорхойлохыг;

3.1.5."хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ" гэж тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төслүүдээс хүн амын эрүүл мэндэд үзүүлж байгаа хам болон давхардмал сөрөг нөлөөллийг тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

3.1.6."байгаль орчны нөлөөллийн үнэлгээ гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас тодорхой төслийг хэрэгжүүлэх явцад байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, үр дагаврыг урьдчилан тодорхойлж, түүнийг бууруулах, арилгах арга хэмжээ тогтоохыг;

3.1.7."үнэлгээний шинжээч" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан үнэлгээ, үнэлгээний тайланд шинжилгээ хийж, дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг;

3.1.8."үнэлгээний шинжилгээ" гэж энэ хуулийн 3.1.6-д заасан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний ажлыг холбогдох хууль журмын дагуу гүйцэтгэсэн эсэх, тайлан, дүгнэлт үндэслэлтэй, зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг;

3.1.9."хянан магадлагаа" гэж батлагдсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт үнэн зөв эсэхэд мэргэжлийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг ;

3.1.10."эрсдэлийн үнэлгээ" гэж хүн, амьтан, ургамал болон байгаль орчинд хими, биологи, физикийн хүчин зүйлээс үзүүлж болзошгүй нөлөөлөл, мөн гамшиг болон аюулын нөлөөллийг урьдчилан тодорхойлох үйл ажиллагааг;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

3.1.11."биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах" гэж төслийн үйл ажиллагаанд өртөгдөн унаган төрх, хэв шинж, амьдрах орчноо алдсан биологийн олон янз байдлыг өөр газарт нөхөн хамгаалах арга хэмжээг.

ХОЁРДУГААР БҮЛЭГ - БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮТЭЦ, ТОГТОЛЦОО, ЗОХИЦУУЛАЛТ

[edit]

4 дүгээр зүйл.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ

4.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэгт дор дурдсан үнэлгээ хамаарна:

4.1.1.байгаль орчны стратегийн үнэлгээ /цаашид "стратегийн үнэлгээ" гэх/;

4.1.2.байгаль орчны төлөв байдлын үнэлгээ /цаашид "төлөв байдлын үнэлгээ" гэх/;

4.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээ /цаашид "нөлөөллийн үнэлгээ гэх/;

4.1.4.хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ.

4.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудлыг зохицуулах, энэ хуулийн 4.1.1, 4.1.4, 7.1.2-т заасан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх, үүрэг бүхий байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөл /цаашид "мэргэжлийн зөвлөл" гэх/ ажиллана.

4.3.Мэргэжлийн зөвлөлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилон ажиллуулна.

5 дугаар зүйл.Байгаль орчны стратегийн үнэлгээ

5.1.Бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулагч салбарын яам нь уг баримт бичгийг боловсруулах явцад стратегийн үнэлгээ хийлгэж, Засгийн газарт хэлэлцүүлэхээс өмнө уг үнэлгээний тайланг бодлогын баримт бичгийн төслийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

5.2.Стратегийн үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага, тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, бие даасан шинжээч, мэргэжилтнүүдийн багийн оролцоотойгоор хийж тайлан гаргана.

5.3.Стратегийн үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний талаарх нарийвчилсан журмыг Засгийн газар батална.

5.4.Стратегийн үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, дүгнэлт гаргах бөгөөд уг дүгнэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Засгийн газарт танилцуулна.

5.5.Төслийг хэрэгжүүлэгч салбарын яам болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээний дүгнэлтийн талаарх мэдээллийг нийтэд мэдээлж, өөрийн цахим хуудсанд байрлуулах бөгөөд хэвлэмэл хувилбартай танилцах боломжийг бүрдүүлнэ.

6 дугаар зүйл.Төлөв байдлын болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээ

6.1.Төсөл хэрэгжүүлэгч нь энэ хуулийн 3.1.4-т заасан үнэлгээг хийлгэж, болзошгүй нөлөөллийг судалсан байна.

6.2.Төлөв байдлын үнэлгээг төсөл хэрэгжүүлэгч нь эрх бүхий мэргэжлийн байгууллага болон судалгаа, шинжилгээний байгууллагын оролцоотойгоор хийлгэх бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан чиглэл гаргуулна.

6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тодорхой бүс нутаг, сав газарт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэгжүүлж байгаа төсөлд энэ хуулийн 3.1.5-д заасан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор хийнэ.

6.4.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.3-т заасан үнэлгээ хийхэд мэргэжлийн баг томилж болно.

6.5.Хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний ажилд шаардагдах зардлыг нөлөөллийн цар хүрээг харгалзан төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулна.

6.6.Эрх бүхий мэргэжлийн байгууллага нь боловсруулсан байгаль орчны төлөв байдлын үнэлгээ болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний тайланг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх үнэлгээний асуудал эрхэлсэн мэргэжлийн зөвлөлд хүргүүлж хянуулна.

7 дугаар зүйл.Нөлөөллийн үнэлгээ

7.1.Нөлөөллийн үнэлгээ нь дараах үнэлгээнээс бүрдэнэ:

7.1.1.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;

7.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ.

7.2.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ.

7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.

7.4.Шинээр байгуулах болон одоо ажиллаж байгаа үйлдвэр, үйлчилгээ, барилга байгууламж, тэдгээрийг шинэчлэх, өргөтгөх, байгалийн нөөц ашиглах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг үнэлгээний шинжээч ажлын 14 хоногт багтаан хийж дараах дүгнэлт гаргана:

7.4.1.техник, технологи, үйл ажиллагаа нь байгаль орчинд халтай, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, стратегийн үнэлгээний дүгнэлт болон холбогдох хууль тогтоомжид нийцээгүй төслийг хэрэгжүүлэхээс татгалзах, эсхүл буцаах;

7.4.2.төслийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэлгүйгээр тодорхой нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх;

7.4.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатай гэж үзэх.

7.5.Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 7.4-т заасан хугацааг энэ хуулийн 7.6-д заасан ерөнхий шинжээчийн шийдвэрээр 14 хоногийн хугацаагаар нэг удаа сунгаж болно.

7.6.Үнэлгээний шинжээч болон тэдгээрийн үйл ажиллагааг удирдан зохицуулах ерөнхий шинжээчийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх мэргэжлийн чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр томилно.

7.7.Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадлагаа болон мэргэжлийн зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана.

8 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ

8.1.Энэ хуулийн 7.4.3-т заасны дагуу гарсан дүгнэлтэд нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын зорилт, чиглэл, хамрах хүрээ, хугацааг тодорхой заана.

8.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг энэ хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу эрх авсан дотоодын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.

8.3.Энэ хуулийн 8.2-т заасан эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгээр тайлан бэлтгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулна.

8.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана:

8.4.1.төсөл хэрэгжих орчны байгаль орчны төлөв байдал;

8.4.2.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, тэдгээрийн эрчим, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо, судалгааны үр дүн;

8.4.3.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээний зөвлөмж;

8.4.4.төслийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг нөлөөлөл үүсгэж болзошгүй бохирдлыг бууруулахад боломжит арга технологи, байгаль орчинд ээлтэй техник, технологийг ашиглах зөвлөмж;

8.4.5.байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээнд эрсдэлийн үнэлгээ хийхээр заасан бол төслийн үйл ажиллагаанаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн эрсдэлийн үнэлгээ;

8.4.6.газрын тос, уул уурхай, цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалт зэрэг төсөлд хаалтын үйл ажиллагааны чиглэл, нөхөн сэргээлтийн зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд, дүйцүүлэн хамгааллын арга хэмжээ;

8.4.7.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний зорилт, хамрах хүрээ, шалгуур үзүүлэлтүүд;

8.4.8.төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл;

8.4.9.төсөл хэрэгжих газрын түүх соёлын үнэт зүйлс, төслийн онцлогтой уялдсан бусад асуудал.

8.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авна.

8.6.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

8.7.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь хээрийн судалгааны анхдагч материал, үнэлгээний мэргэжилтний судалгааны ажлын дүнг эх хувиар нь хадгалах бөгөөд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг дөрвөн хувь бэлтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл хэрэгжих сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт тус бүр нэг хувийг өгч, нэг хувийг өөртөө үлдээх бөгөөд тэдгээр нь адил хүчинтэй байна.

8.8.Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

9 дүгээр зүйл.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө

9.1.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчныг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, стратегийн үнэлгээний зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах, урьдчилан сэргийлэх, төсөл хэрэгжих орчинд бий болж болзошгүй сөрөг үр дагаврыг хянах, илрүүлэх зорилгоор байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг гүйцэтгэсэн байгууллага боловсруулна.

9.2.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна.

9.3.Ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага тухайн төслийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлан төсөл хэрэгжүүлэх зөвшөөрөл олгоно.

9.4.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.

9.5.Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрөөс бүрдэнэ.

9.6.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр тогтоосон сөрөг нөлөөллийг багасгах, арилгах арга хэмжээ, дүйцүүлэн хамгаалал хийх, тэдгээрийг хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах хөрөнгө зардлыг тусгасан байна.

9.7.Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт төслийн үйл ажиллагааны улмаас байгаль орчны төлөв байдалд үзүүлж байгаа өөрчлөлтийг хянах, шинжилгээ хийх, үр дүнг тайлагнах, түүнийг хэрэгжүүлэх арга хэлбэр, шаардагдах хөрөнгө, зардал, хугацааг тодорхойлон тусгана.

9.8.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална.

9.9.Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана.

9.10.Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ.

9.11.Төсөл хэрэгжүүлэгчийн нөлөөллийн үнэлгээгээр тавигдсан шаардлага болон уурхайн ашиглалтын жил бүрийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлт, энэ хуулийн 14.1.3-т заасан хаалтын менежментийн төлөвлөгөөний биелэлтийн явцыг үндэслэн энэ хуулийн 9.10-т заасан хөрөнгийг тодорхой хуваарийн дагуу уурхайн хаалтын үе шатанд буцаан олгоно.

9.12.Байгаль орчны менежментийн болон уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны засаг дарга, төрийн захиргааны төв байгууллага болон байгаль орчны төрийн бус байгууллага хяналт тавина.

9.13.Шаардлагатай тохиолдолд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагын шийдвэрээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэл болон энэ хуулийн 9.12-т заасан хяналтын дүнд хөндлөнгийн хяналт хийж, дүгнэлт гаргах бөгөөд уг ажилд шаардагдах зардлыг төсөл хэрэгжүүлэгч хариуцна.

9.14.Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон энэ хуулийн 9.12, 9.13-т заасан хяналтын дүнг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн баталгааны мөнгийг буцаан олгох эсэх асуудлыг энэ хуулийн 9.15-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

9.15.Энэ хуулийн 9.9, 9.10-т заасан байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансны гүйлгээнд хяналт тавих журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

10 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний шинжилгээ

10.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж нь ерөнхий үнэлгээнд заасан хугацаанд үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.

10.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээ хийж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч уг тайланд үнэлгээний шинжилгээ хийх шинжээчдийн баг томилно.

10.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч энэ хуулийн 10.2-т заасан хугацааг 18 хүртэл хоногоор нэг удаа сунгаж болно.

10.4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, түүнд үнэлгээний шинжилгээ хийсэн шинжээчийн болон мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, энэ хуулийн 18.4-т заасан саналыг үндэслэн төслийг хэрэгжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

10.5.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг төсөл хэрэгжүүлэгч, үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хамтран төслийн нөлөөлөлд өртөх орон нутгийн оршин суугчдад танилцуулах ажлыг зохион байгуулна.

10.6.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн долдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна.

11 дүгээр зүйл.Хянан магадлагаа

11.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулж байгаа болон учруулсан бол үнэлгээний үнэн зөв хийгдсэн эсэхэд хянан магадлагаа хийнэ.

11.2.Хянан магадлагааны дүгнэлт гаргах хугацааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ерөнхий шинжээч тогтоож, холбогдох мэргэжлийн хүмүүсийг оролцуулан тухай бүр ажлын хэсэг томилон ажиллуулна.

11.3.Хянан магадлагаа хийхэд шаардлагатай зардлыг үнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага хариуцах бөгөөд хянан магадлагааны дүгнэлтийг үндэслэн буруутай этгээдээр уг зардлыг нөхөн төлүүлнэ.

11.4.Хянан магадлагаа хийхэд шаардагдах баримт бичгийг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж болон төсөл хэрэгжүүлэгч нар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад саадгүй бүрдүүлж өгнө.

11.5.Хянан магадлагаагаар байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийсэн нь тогтоогдвол уг ажлыг зохих шаардлагын түвшинд хүртэл дахин хийлгэж, энэ хугацаанд бусад төсөлд нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг нь байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлнэ.

11.6.Хянан магадлагаагаар нэмэлт ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол холбогдох зардлыг анх нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж хариуцна.

12 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх олгох, хүчингүй болгох

12.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.7-д заасан тусгай зөвшөөрлийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 5-д заасан шаардлагыг хангасан Монгол Улсын аж ахуйн нэгжид байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргасан байна:

/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

12.2.1.аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай танилцуулга;

12.2.2.үнэлгээний ажил эрхлэхэд шаардлагатай мэдээллийн сан, материаллаг бааз, боловсон хүчний хангамж болон чадавхийг илтгэх бичиг баримтууд.

12.3.Энэ хуулийн 12.2-т заасны дагуу өргөдөл гаргасан аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх чадварыг мэргэжлийн зөвлөл ажлын таван өдөрт багтаан шалгаж, дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.4.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлнэ.

12.5.Аж ахуйн нэгжид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилийн хугацаатай олгоно.

12.6.Аж ахуйн нэгж нь байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацаа дуусахаас хоёр сарын өмнө эрх сунгуулахыг хүссэн өргөдлөө гүйцэтгэсэн ажлын тайлангийн хамт байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

12.7.Энэ хуулийн 12.6-д заасан өргөдөл болон тайлан, байгаль орчны нөлөөллийн үнэлгээтэй холбогдсон бусад мэдээллийг мэргэжлийн зөвлөл хянан үзэж, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн хугацааг сунгах эсэх талаар дүгнэлт гаргана.

12.8.Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аж ахуйн нэгжийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван жилээр сунгана.

12.9.Энэ хуулийн 12.1-д заасан тусгай зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой энэ хуулиар зохицуулснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ - БАЙГАЛЬ ОРЧНЫ НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭНД ОРОЛЦОГЧДЫН ЭРХ, ҮҮРЭГ

[edit]

13 дугаар зүйл.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн эрх

13.1.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч дараах эрх эдэлнэ:

13.1.1.стратегийн болон нөлөөллийн үнэлгээ хийлгэх хүсэлтээ эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид тавих;

13.1.2.төлөв байдлын, стратегийн болон нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэх аж ахуйн нэгжийг сонгох;

13.1.3.тухайн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төслийн техник, технологи, бизнесийн холбоотой зарим шаардлагатай мэдээллийг нууцлахыг стратегийн болон нөлөөллийн үнэлгээг гүйцэтгэх аж ахуйн нэгжээс шаардах.

14 дүгээр зүйл.Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгчийн үүрэг

14.1.Стратегийн үнэлгээнд хамрагдах хөтөлбөр, төлөвлөгөөг боловсруулсан байгууллага болон төсөл хэрэгжүүлэгч дараах үүрэг хүлээнэ:

14.1.1.бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд хийх стратегийн болон төслийн нөлөөллийн үнэлгээтэй холбогдол бүхий баримт бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж өгөх;

14.1.2.байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийг нутгийн оршин суугчид, орон нутгийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөгч талууд холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд мэдээлж, тайлагнах;

14.1.3.газрын тос болон уул уурхайн төслүүд нь нөхөн сэргээлт, хаалтын менежментийн төлөвлөгөөг тухайн үйл ажиллагаа эхэлж, хаалт хийхээс гурван жилээс доошгүй хугацааны өмнө боловсруулж, тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг авч, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх.

15 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн эрх

15.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах эрх эдэлнэ:

15.1.1.байгаль орчны нөлөөллийн үнэлгээний ажилд шаардлагатай баримт бичгийг төсөл хэрэгжүүлэгчээс гаргуулан авах;

15.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийхэд зайлшгүй шаардлагатай тохиолдолд ажлын байранд саадгүй нэвтрэн орох, сорьц, дээж авах;

15.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний дүнг тусган боловсруулсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд төслийг үргэлжлүүлэх эсэх талаарх дүгнэлтийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавих.

16 дугаар зүйл.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгжийн үүрэг

16.1.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж дараах үүрэг хүлээнэ:

16.1.1.урьд хийгдсэн шинжилгээ, судалгааны дүгнэлтийг ашиглаж болох бөгөөд түүнийг тодотгох холбогдох чиглэлээр нэмэлт судалгаа хийх;

16.1.2.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд хийсэн шүүмжийн дүгнэлтийн дагуу нэмэлт, өөрчлөлт оруулах;

16.1.3.байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний үр дүнгийн үнэн зөвийг хариуцах;

16.1.4.тухайн төслийн техник, технологи, бизнесийн холбоотой мэдээллийн нууцыг хадгалах.

16.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий аж ахуйн нэгж нь үнэлгээний ажилтай холбогдсон эрсдэлийг Даатгалын тухай хууль тогтоомжоор зохицуулна.

17 дугаар зүйл.Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллагын үүрэг

17.1.Банк, санхүүгийн болон хөрөнгө оруулалтын байгууллага нь байгаль орчин болон нийгэм, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар санхүүжүүлэх, зээл тусламж олгохгүй байх үүрэг хүлээнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦОО

[edit]

18 дугаар зүйл.Нөлөөллийн үнэлгээний үйл ажиллагааны олон нийтийн оролцоо

18.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь стратегийн үнэлгээ хийгдэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөө болон байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд хамрагдсан төслүүдийн талаарх мэдээллийг цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ.

18.2.Засгийн газрын хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа үндэсний болон бүс нутгийн хэмжээнд баримтлах бодлого, хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөнд стратегийн үнэлгээ хийх явцад олон нийтээс санал авна.

18.3.Стратегийн үнэлгээнд олон нийтээс санал ирүүлэх хугацаа нь ажлын 30-аас дээшгүй өдөр байх бөгөөд амаар болон бичгээр санал авна.

18.4.Төслийн нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийж байгаа хуулийн этгээд тайлан боловсруулах явцдаа төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэд, оршин суугчдаас албан ёсоор санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулна.

18.5.Олон нийтийн оролцооны асуудлыг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД

[edit]

19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл.Хохирлыг нөхөн төлүүлэх

20.1.Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлснээс буюу үнэлгээгээр тавигдсан шаардлагыг зөрчсөний улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан аргачлалын дагуу тооцож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

20.2.Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг буруу хийснээс байгаль орчинд учруулсан хохирлыг байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийсэн эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагаар нөхөн төлүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ


This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.

According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:

  • legislation and other legal documents
  • administrative decisions and official documents of legal entities and organizations
  • court decisions, resolutions, judge's decrees, and other documents and speeches delivered during court hearings
  • translations of any of the above
  • coat of arms, banners, flags, awards, orders, and medals
  • any news for the purpose of reporting currents events and results
  • works of folklore and national traditions
  • ideas, methods, procedures, scientific discoveries, and mathematical concepts

This work falls into one or more of the above categories and is in the public domain.