Монгол Улсын Оюуны өмчийн тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2020 оны 01 сарын 23 өдөр
Улаанбаатар хот
ОЮУНЫ ӨМЧИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь оюуны өмчийн эрхээр хамгаалагдах бүтээл, оюуны өмчийг хамгаалах зарчим, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүргийг тогтоох, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжихтэй холбогдсон нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Оюуны өмчийн хууль тогтоомж
2.1.Оюуны өмчийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1.“оюуны өмч” гэж оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон зохиогчийн эрхийн бүтээл, зохиогчийн эрхэд хамаарах эрхийн объект болон аж үйлдвэрийн өмчийг;
3.1.2.“оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан” гэж нэгдсэн ангилал, индекс, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу бүрдүүлж, боловсруулж, хадгалсан оюуны өмчийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг;
3.1.3.“хамтын удирдлагын байгууллага” гэж зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх болон хамгаалах зорилго бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээдийг;
3.1.4.“албан ёсны тогтмол хэвлэл” гэж оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенцод заасны дагуу шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдгийн бүртгэлийг мэдээлэх тогтмол нийтлэлийг.
4 дүгээр зүйл.Оюуны өмчийн эрхийн хамгаалалтын зарчим
4.1.Оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1.хууль дээдлэх;
4.1.2.нийтийн ашиг сонирхол, зан суртахуунд нийцсэн байх;
4.1.3.оюуны өмчийн эрх эзэмшигч болон нийтийн ашиг сонирхлын тэнцвэрт байдлыг хангах;
4.1.4.оюуны өмчийн мэдээлэл нийтэд нээлттэй байх;
4.1.5.оюуны өмчийн харилцаа нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн түншлэл, иргэдийн хамтын ажиллагаанд тулгуурласан байх;
4.1.6.аж үйлдвэрийн өмчийн эрхийг эхэлж мэдүүлэх;
4.1.7.нэгдмэл тогтолцоо, арга зүйтэй байх.
5 дугаар зүйл.Оюуны өмчийн эрх
5.1.Оюуны өмчийн дараах эрхийг хамгаална:
5.1.1.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх;
5.1.2.аж үйлдвэрийн өмчийн эрх.
6 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх
6.1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх нь тухайн бүтээлийг бодитойгоор туурвиж, бодит хэлбэрт орсон үеэс үүснэ.
6.2.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх үүсэх, түүнийг хэрэгжүүлэхэд бүртгэл шаардахгүй.
6.3.Зохиогч сайн дурын үндсэн дээр өөрийн бүтээлийн мэдээллийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж болно.
6.4.Зохиогч өөрийн бүтээлийн зохиогч мөн болохоо нотлох үүрэг хүлээнэ.
6.5.Энэ хуулийн 6.3-т заасан сайн дурын бүртгэл хөтлөх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
7 дугаар зүйл.Аж үйлдвэрийн өмчийн эрх
7.1.Аж үйлдвэрийн өмчийн эрхэд дараах зүйл хамаарна:
7.1.1.шинэ бүтээл;
7.1.2.ашигтай загвар;
7.1.3.бүтээгдэхүүний загвар;
7.1.4.барааны тэмдэг;
7.1.5.газар зүйн заалт.
7.2.Аж үйлдвэрийн өмчийн эрх нь оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад эрхийн хамгаалалт хийлгэж, улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
7.3.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохих журмын дагуу энэ хуулийн 7.1.1, 7.1.2, 7.1.3-т заасан зүйлийг бүртгэж патент, 7.1.4, 7.1.5-д заасан зүйлийг бүртгэж гэрчилгээ тус тус олгоно.
8 дугаар зүйл.Оюуны өмчийн эрхийг хамгаалах
8.1.Энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан оюуны өмчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан харилцааг тухайлсан хуулиар зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ОЮУНЫ ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, УДИРДЛАГА, ЧИГ ҮҮРЭГ
[edit]9 дүгээр зүйл.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний чиг үүрэг
9.1.Энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхийн хэрэгжилтийг хангах, хяналт шалгалттай холбоотой асуудлаар оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
9.1.1.оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, батлуулах;
9.1.2.аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
9.1.3.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах;
9.1.4.хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд баримтлах журмыг батлах;
9.1.5.оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах журмыг батлах;
9.1.6.лицензийн гэрээ, оюуны өмчийн ашиглалттай холбоотой бусад гэрээг бүртгэх журмыг батлах;
9.1.7.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
10 дугаар зүйл.Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн чиг үүрэг
10.1.Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Оюуны өмчийн үндэсний зөвлөл ажиллана.
10.2.Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд даргалах бөгөөд дэд дарга нь оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
10.3.Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Засгийн газар батална.
10.4.Оюуны өмчийн үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
10.4.1.оюуны өмчийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, салбар хоорондын уялдааг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.4.2.оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг дэмжих бодлого боловсруулж, салбар хоорондын уялдааг хангах;
10.4.3.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, аж үйлдвэрийн өмчийн эрхтэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх талаар санал боловсруулах.
11 дүгээр зүйл.Оюуны өмчийн байгууллага
11.1.Оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “оюуны өмчийн байгууллага” гэх/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байх бөгөөд орон нутагт хэлтэс, тасаг байгуулж, эсхүл оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулж болно.
11.2.Оюуны өмчийн байгууллага үйл ажиллагааныхаа тодорхой хэсгийг үйл ажиллагааны орлогоор санхүүжүүлж болох бөгөөд бусад үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
11.3.Оюуны өмчийн байгууллагын дэргэд аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаарх өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх эрх бүхий аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөл /цаашид “Маргаан шийдвэрлэх зөвлөл” гэх/ ажиллана.
11.4.Оюуны өмчийн байгууллагын дэргэд зохиогчийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл ажиллана.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.5.Оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасаг, оюуны өмчийн улсын байцаагч үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг дарга дэмжлэг үзүүлнэ.
12 дугаар зүйл.Оюуны өмчийн байгууллагын чиг үүрэг
12.1.Оюуны өмчийн байгууллага дараах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.1.1.оюуны өмчийн хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
12.1.2.оюуны өмчийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцүүлэх талаар санал боловсруулах;
12.1.3.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах этгээдийг шалгаруулах, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
12.1.4.хамтын удирдлагын байгууллагад зөвшөөрөл олгох, хамтран ажиллах гэрээ байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үр дүнг тооцож, нийтэд мэдээлэх;
12.1.5.оюуны өмчийн шилдэг бүтээл шалгаруулах ажлыг энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу жил бүр зохион байгуулах;
12.1.6.гадаад улсын адил байгууллага болон олон улсын байгууллагатай холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хамтран ажиллах;
12.1.7.оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, нийтэд мэдээлэх;
12.1.8.эрхийн хамгаалалт хийгдсэн шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвараас эдийн засгийн өндөр үр ашиг өгөхүйц бүтээлийн судалгаа хийж, Оюуны өмчийн үндэсний зөвлөлийг мэдээллээр хангах;
12.1.9.оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотой санал боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх;
12.1.10.эрх шилжүүлэх гэрээ, лицензийн гэрээ, франчайзийн болон мерчандайзийн гэрээг бүртгэх;
12.1.11.оюуны өмчийн сургалт, судалгааны ажлыг нэгдсэн удирдамж, арга зүйгээр хангах;
12.1.12.оюуны өмчтэй холбоотой маргааныг шийдвэрлэхэд шаардлагатай лавлагаа өгөх;
12.1.13.оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх этгээдийг бүртгэх, гэрээ байгуулах, бүртгэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
12.1.14.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг батлах;
12.1.15.оюуны өмчийн бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, ашиглах, түүний байнгын тасралтгүй үйл ажиллагаа, хадгалалт, хамгаалалт, нууцлалын найдвартай байдлыг хангах журмыг батлах;
12.1.16.оюуны өмчийн эрхийг олон нийтэд сурталчлах, оюуны өмчийн эрх зүйн талаарх олон нийтийн болон оюуны өмчийн эрх эзэмшигчдийн мэдлэгийг дээшлүүлэх;
/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.1.17.хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
/Энэ заалтын дугаарт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Оюуны өмчийн байгууллага зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.2.1.зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч, эсхүл түүнд хамаарах эрх эзэмшигчийн хүсэлтээр зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг бүртгэх, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, бүтээлийн сан бүрдүүлэх;
12.2.2.зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжих, ардын урлагийн бүтээлийг хамгаалах чиглэлээр иргэн, хуулийн этгээдтэй хамтран ажиллах.
12.2.3.хамтын удирдлагын байгууллага, зохиогчийн эрхийг хамгаалах, төлөөлөх эрхийг хэрэгжүүлэх байгууллага, бүтээл ашиглагч болон төрийн байгууллагыг зохиогчийн эрхийн талаарх мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хамтран ажиллах.
/Энэ заалтыг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
12.3.Оюуны өмчийн байгууллага аж үйлдвэрийн өмчийн эрхийн талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
12.3.1.аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн мэдүүлэг хүлээн авах, хянах, хайлт, мөн чанарын шүүлт хийх, бүртгэх;
12.3.2.аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн бүртгэл хөтөлж, патент, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх;
12.3.3.аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн бүртгэлтэй холбогдсон мэдээллийг нийтэд мэдээлэх зорилгоор албан ёсны тогтмол хэвлэл эрхлэн гаргах.
13 дугаар зүйл.Оюуны өмчийн байгууллагын даргын бүрэн эрх
13.1.Оюуны өмчийн байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1.оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
13.1.2.оюуны өмчийн улсын байцаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;
13.1.3.оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасгийн бүтэц, орон тоог батлах;
13.1.4.оюуны өмчийн байгууллагын орон нутаг дахь хэлтэс, тасгийн албан хаагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх;
13.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйл.Оюуны өмчийн улсын байцаагч
14.1.Оюуны өмчийн байгууллагад оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч ажиллана.
14.2.Орон нутагт оюуны өмчийн асуудал хариуцсан хэлтэс, тасаг ажиллуулах бол оюуны өмчийн улсын байцаагч ажиллуулж болно.
14.3.Оюуны өмчийн байгууллагын дарга оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч байна.
14.4.Оюуны өмчийн улсын ерөнхий байцаагчийн эрхийг Засгийн газар, улсын ахлах байцаагч, улсын байцаагчийн эрхийг оюуны өмчийн улсын ерөнхий байцаагч олгоно.
14.5.Оюуны өмчийн улсын байцаагч хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ оюуны өмчийн хууль тогтоомж, Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.
14.6.Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчид ажлаа хариуцан тайлагнана.
14.7.Улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь улсын ерөнхий байцаагчаас баталсан загвар бүхий үнэмлэх, хувийн дугаар бүхий тэмдэг болон акт, дүгнэлт, албан шаардлагын хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
14.8.Улсын байцаагчийн шийдвэрийг иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан шийдвэрт заасан хугацаанд биелүүлж, хариуг албан ёсоор мэдэгдэх үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
14.9.Улсын байцаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./
15 дугаар зүйл.Шинжээч
15.1.Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын патентын шинжээч нь байгалийн, эсхүл техникийн ухааны дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт хоёроос доошгүй жил ажилласан, оюуны өмчийн байгууллагын ажилтан байна.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
15.2.Шинжээч нь энэ хуулийн 7.1-д заасан аж үйлдвэрийн өмчийн эрхээр мэргэшсэн байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ОРОЛЦОО
[edit]16 дугаар зүйл.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
16.1.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон эрхийн хүрээнд оюуны өмчийн байгууллага болон эрх бүхий байгууллагад төлөөлүүлэгчийг төлөөлөх эрхтэй байна.
16.2.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд байна.
16.3.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийг оюуны өмчийн байгууллага олгоно.
16.4.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээд боловсролтой, оюуны өмчийн салбарт гурваас доошгүй жил ажилласан, ял шийтгэлгүй, 25 нас хүрсэн, Монгол Улсад байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байна.
16.5.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэгдэж, оюуны өмчийн ашгийн төлөө хуулийн этгээд байгуулж болно.
16.6.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үйл ажиллагаандаа оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллах журмыг баримтална.
16.7.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэвшүүлж байгаа шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загвартай холбоотой нийтэд нээлттэй болоогүй мэдээллийг бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
16.8.Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь мэргэжлийн холбооны гишүүн байна.
17 дугаар зүйл.Хамтын удирдлагын байгууллага
17.1.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчдийн санаачилгаар үүсгэн байгуулна.
17.2.Хамтын удирдлагын байгууллагыг зохиогчийн эрхийн бүтээл, түүнд хамаарах эрхийн объектын төрлөөр дагнан байгуулна.
17.3.Хамтын удирдлагын байгууллага зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хэрэгжүүлэх, хамгаалах үйл ажиллагаа явуулахдаа оюуны өмчийн байгууллагаас зөвшөөрөл авч, хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллана. Гэрээний загварыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.4.Хамтын удирдлагын байгууллага үйл ажиллагаандаа сайн засаглалыг нэвтрүүлэх, үр дүн тооцогдохуйц, ил тод байх зарчмыг баримтална.
17.5.Хамтын удирдлагын байгууллагын үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан нийтэд ил тод, нээлттэй байна.
17.6.Хамтын удирдлагын байгууллагад тавигдах шаардлага, чиг үүрэг, түүнд тавих хяналт болон холбогдох бусад харилцааг Зохиогчийн эрхийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
18 дугаар зүйл.Оюуны өмчийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх
18.1.Оюуны өмчийн зуучлалыг оюуны өмчийн байгууллагад бүртгэгдсэн хуулийн этгээд эрхэлнэ.
18.2.Оюуны өмчийн зуучлагчид тавигдах шаардлага, оюуны өмчийн байгууллагад бүртгүүлэх журмыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18.3.Энэ хуулийн 18.1-д заасан хуулийн этгээдтэй оюуны өмчийн байгууллага гэрээ байгуулна. Гэрээний загварыг оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ, ТӨРӨӨС ҮЗҮҮЛЭХ ДЭМЖЛЭГ
[edit]19 дүгээр зүйл.Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр
19.1.Оюуны өмчийн эрхийг лиценз, франчайз, мерчандайзийн болон бусад гэрээ, хэлцлээр бусдад бүрэн болон хэсэгчлэн ашиглуулах, өмчлөх эрх шилжүүлэх, оюуны өмчөөр хуулийн этгээдэд хөрөнгө оруулах, барьцаалах болон бусад хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж болно.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан хэлбэрээр оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад байгуулах гэрээ, хэлцлийг холбогдох хуулиар зохицуулна.
20 дугаар зүйл.Оюуны өмчийн үнэлгээ
20.1.Оюуны өмчийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандарт, оюуны өмч, биет бус хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно.
20.2.Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахдаа хуульд өөрөөр заагаагүй бол талууд оюуны өмчийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоож болно.
21 дүгээр зүйл.Оюуны өмчийн үнэлгээ хийх эрх
21.1.Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хөрөнгийн үнэлгээчин нь оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсны үндсэн дээр оюуны өмчийн үнэлгээг хийнэ.
21.2.Оюуны өмчийн байгууллага болон хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага сургалтын хөтөлбөрийг хамтран боловсруулж, энэ хуулийн 21.1-д заасан сургалтыг зохион байгуулна.
21.3.Оюуны өмчийн үнэлгээ хийх сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцсэн хөрөнгийн үнэлгээчинд оюуны өмчийн байгууллага гэрчилгээ олгож, оюуны өмчийн үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн жагсаалтад бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлнэ.
22 дугаар зүйл.Оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг
22.1.Төрөөс оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан дараах дэмжлэг үзүүлж болно:
22.1.1.татварын хөнгөлөлт, чөлөөлөлт;
22.1.2.хуульд заасан нөхцөл, журмын дагуу төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр оюуны өмчийн эрхэд хамаарах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагаа хийх;
22.1.3.оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах сан байгуулах;
22.1.4.оюуны өмчийн эрхээ бүртгүүлэх, хамгаалах болон олон улсын эрхийн хамгаалалтын хүсэлт гаргахад дэмжлэг үзүүлэх.
ТАВДУГААР БҮЛЭГ - БУСАД
[edit]23 дугаар зүйл.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан
23.1.Монгол Улс оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сантай байна.
23.2.Оюуны өмчийн нэгдсэн мэдээллийг цахим хэлбэрээр бүрдүүлэх, хөгжүүлэх боломжтой байна.
23.3.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан үрэгдэх, устгагдах, эргэж засварлагдахаас бүрэн хамгаалагдсан, цахим технологид суурилсан байна.
23.4.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сан энэ хуулийн 6, 7 дугаар зүйлд заасан бүтээлийн бүртгэлийн эх баримт бичгийн архив, түүний цахим мэдээллийн сангаас бүрдэнэ.
23.5.Оюуны өмчийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг албан үүргийн дагуу ашиглаж байгаа этгээд тухайн мэдээлэлтэй холбоотой нууцыг хадгалах үүрэгтэй.
23.6.Оюуны өмчийн байгууллага оюуны өмчийн цахим мэдээллийн нэгдсэн санг нөөцлөн технологийн дагуу хадгална.
24 дүгээр зүйл.Оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс
24.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.
24.2.Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно:
24.2.1.Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан үйлчилгээ;
/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.2.2.Патентийн тухай хуульд заасан үйлчилгээ;
24.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ;
24.2.4.Маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйлчилгээ;
24.2.5.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн үйлчилгээ;
24.2.6.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээ;
24.2.7.оюуны өмчийн үнэлгээчин болон зуучлагчийн бүртгэлийн үйлчилгээ;
24.2.8.оюуны өмчийн мэдээллийн төвийн үйлчилгээ.
25 дугаар зүйл.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан хянан шийдвэрлэх
25.1.Аж үйлдвэрийн өмчийн эрхийн асуудлаар дараах гомдлыг Маргаан шийдвэрлэх зөвлөл хянан шийдвэрлэнэ:
25.1.1.Патентийн тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг гаргагчийн гомдол;
25.1.2.хуульд заасан үндэслэлээр патентын мэдүүлэгт гаргасан гуравдагч этгээдийн эсэргүүцэл;
25.1.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйл ажиллагаатай холбоотой мэдүүлэг гаргагчийн гомдол;
25.1.4.хуульд заасан үндэслэлээр нийтэд мэдээлсэн барааны тэмдгийн мэдүүлэгт гаргасан гуравдагч этгээдийн эсэргүүцэл;
25.1.5.бүртгэгдсэн аж үйлдвэрийн өмчийн эрхэд хамаарах бүтээлийн эрхийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай хүсэлт;
25.1.6.тухайн барааны тэмдэг нь нийтэд түгээмэл болсон барааны тэмдэг мөн болохыг хүлээн зөвшөөрүүлэх тухай хүсэлт;
25.1.7.хуульд заасан бусад.
25.2.Маргаан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргах эрхтэй.
25.3.Маргаан шийдвэрлэх зөвлөлийг нийт гишүүдийн дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
25.4.Маргаан шийдвэрлэх зөвлөл энэ хуулийн 25.1-д заасан гомдол нь үндэслэлтэй эсэхийг хянаж, маргаан гарах үндэслэл болсон шийдвэрийг хэвээр үлдээх, эсхүл хүчингүй болгох шийдвэр гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна.
25.5.Маргаан шийдвэрлэх зөвлөл маргаан үүссэн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, оюуны өмчийн хууль тогтоомж зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөмж гаргах эрхтэй.
25.6.Маргаан шийдвэрлэх зөвлөл гомдлын дагуу маргаан үүсгэснээс хойш 90 хоногийн дотор шийдвэр гаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гомдол гаргагчийн зөвшөөрлөөр шийдвэр гаргах хугацааг 30 хоногоор сунгаж болно.
26 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
26.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
26.2.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
27.1.Энэ хуулийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |