Монгол Улсын Хэмжил зүйн тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 09 өдөр
Улаанбаатар хот
ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл.Хуулийн зорилго
1.1.Энэ хуулийн зорилго нь хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.Хэмжил зүйн хууль тогтоомж
2.1.Хэмжил зүйн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."хэмжил" гэж хэмжигдэхүүний тоон утгыг тодорхойлох үйл ажиллагааг;
3.1.2."хэмжлийн нэгж" гэж хэмжил гүйцэтгэхэд жишиг болгон сонгож авсан нэгж хэмжигдэхүүнийг;
3.1.3."хэмжлийн эталон" гэж хэмжлийн нэгж, түүний тодорхой утгыг тогтоох, бий болгох, хадгалах, хуулбарлах, харьцуулах замаар бусад хэмжих хэрэгсэлд дамжуулах зориулалттай хэмжих хэрэгслийг;
3.1.4."улсын эталон" гэж үндэсний хэмжээнд хэрэглэх хамгийн өндөр нарийвчлалтай хэмжлийн эталоныг;
3.1.5."хэмжих хэрэгсэл" гэж хэмжил гүйцэтгэхэд ашиглаж байгаа хэмжил зүйн тогтоосон үзүүлэлт бүхий техник хэрэгслийг;
3.1.6."нэгж дамжуулалт" гэж шалгалт тохируулгын зохих шатлалаар хэмжлийн эталонтой харьцуулсан хэмжлийн үр дүнгийн үзүүлэлтийг;
3.1.7."хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга" гэж хэмжих хэрэгслийн заалтыг тодорхой нөхцөлд хэмжлийн эталоны утгатай харьцуулж, хэмжлийн үр дүнг тогтоох үйл ажиллагааг;
3.1.8."стандартчилсан загвар" гэж хэмжил гүйцэтгэх, бодис, материалын хэвийн үзүүлэлтийг шалгах зориулалтаар зохион бүтээсэн, найрлага шинж чанар нь өөрчлөгдөхгүй нэг төрлийн жишиг бодис, материалыг;
3.1.9."хэмжил гүйцэтгэх аргачлал" гэж хэмжил гүйцэтгэх үндэслэл болгосон физикийн зарчим, тухайн хэмжих хэрэгслийг ашиглах нөхцөл, арга зүйг тогтоосон баримт бичгийг;
3.1.10."хэмжил зүйн мэргэжлийн байгууллага" гэж тодорхой салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг;
3.1.11."хэмжих хэрэгслийн загварын туршилт" гэж хэмжих хэрэгслийн загварыг эрх бүхий байгууллагаас туршиж, үр дүнг тогтоох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг;
3.1.12."хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт" гэж хэмжих хэрэгсэл нь тогтоосон шаардлагад нийцэж байгаа эсэхийг эрх бүхий байгууллагаас шалган нотлох тохирлын үнэлгээний үйл ажиллагааг;
3.1.13."савласан бүтээгдэхүүн" гэж бүтээгдэхүүний тоон хэмжээг урьдчилан тогтоож, өөрчлөх боломжгүйгээр битүүмжилсэн бараа материалыг.
3.2.Энэ хуулийн 3.1-д зааснаас бусад нэр томьёог Хэмжил зүйн болон Стандартчиллын олон улсын байгууллагаас баталсан нэр томьёоны тодорхойлолт, тайлбар, толь бичгийн стандартад заасны дагуу ойлгож хэрэглэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ХЭМЖЛИЙН НЭГЖ, ХЭМЖЛИЙН ЭТАЛОН, НЭГЖ ДАМЖУУЛАЛТ
[edit]4 дүгээр зүйл.Хэмжлийн нэгж
4.1.Монгол Улсад Олон улсын жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлаас тогтоосон олон улсын системийн хэмжлийн нэгжийг хэрэглэнэ.
4.2.Энэ хуулийн 4.1-д зааснаас бусад хэмжлийн нэгжийг Засгийн газраас тогтоосноор олон улсын системийн хэмжлийн нэгжтэй нэгэн адил хэрэглэж болно.
4.3.Хэмжлийн нэгжийн нэр, тэмдэглэгээ болон тэдгээрийг бичих, хэрэглэх журмыг Засгийн газар тогтооно.
4.4.Экспортод гаргаж байгаа бүтээгдэхүүний чанар, техникийн үзүүлэлтийг захиалагчийн хүсэлтээр энэ хуулийн 4.1-д зааснаас өөр хэмжлийн нэгжээр илэрхийлж болно.
5 дугаар зүйл.Хэмжлийн эталон, стандартчилсан загвар
5.1.Улсын эталоныг Засгийн газар, стандартчилсан загварыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
5.2.Улсын эталон төрийн хамгаалалтад байна.
5.3.Батлагдсан стандартчилсан загварыг хэмжлийн эталоны нэгэн адил хэрэглэнэ.
5.4.Улсын эталон, батлагдсан стандартчилсан загварыг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.
6 дугаар зүйл.Нэгж дамжуулалт
6.1.Улсын эталон, стандартчилсан загварын нэгж нь энэ хуулийн 4.1-д заасан хэмжлийн нэгжтэй нийцсэн байна.
6.2.Улсын эталон, стандартчилсан загварын нэгж дамжуулалтыг олон улсын, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрөгдсөн хэмжлийн эталонтой харьцуулах замаар хангана.
6.3.Ажлын эталонд нэгж дамжуулалтыг улсын эталоноос, эсхүл гадаад орны хүлээн зөвшөөрсөн дээд шатны хэмжлийн эталоноос гүйцэтгэнэ.
6.4.Хэмжлийн нэгжийг энэ хуулийн 7.2-т заасан аргачлалын дагуу холбогдох хэмжлийн эталон, хэмжих хэрэгсэлд дамжуулна.
7 дугаар зүйл.Хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлал
7.1.Хэмжлийг стандарт, аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
7.2.Хэмжил гүйцэтгэх байгууллага өөрийн үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил гүйцэтгэх аргачлалыг боловсруулж, батална.
7.3.Хэмжих хэрэгсэл нь стандартын, хэмжил зүйн, техникийн болон ашиглалтын шаардлагыг хангасан байна.
7.4.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдсэн, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийг ашиглан хэмжил гүйцэтгэнэ.
7.5.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэл нь хэмжлийн үр дүнд нөлөөлөхөөс сэргийлсэн хийц, битүүмжлэлтэй байна.
7.6.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэлд тавих тусгай шаардлагыг техникийн зохицуулалтаар тогтооно.
7.7.Энэ хуулийн 7.6-д заасан техникийн зохицуулалтыг Засгийн газар батална.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ХЭМЖИЛ ЗҮЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТ
[edit]8 дугаар зүйл.Хэмжил зүйн хяналт шалгалт, хамрах хүрээ, хэлбэр
8.1.Дараах үйл ажиллагаанд хэрэглэх хэмжил, хэмжих хэрэгсэл, хэмжил гүйцэтгэх аргачлалыг хэмжил зүйн хяналт шалгалтад хамруулна:
8.1.1.хүн, мал эмнэлгийн оношилгоо, эмчилгээ;
8.1.2.аюулгүй байдлыг хангах;
8.1.3.байгаль орчныг хамгаалах;
8.1.4.улсыг батлан хамгаалах;
8.1.5.худалдаа, үйлчилгээний тооцоо.
8.2.Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:
8.2.1.хэмжих хэрэгслийн загварыг турших;
8.2.2.хэмжих хэрэгслийг шалгаж, баталгаажуулах;
8.2.3.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, бүртгэх.
8.3.Хэмжил зүйн төрийн хяналт дараах төрлөөс бүрдэнэ:
8.3.1.хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
8.3.2.савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт шалгалт хийх.
9 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийн загварын туршилт
9.1.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилтад хамруулна.
9.2.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн хүрээлэн гүйцэтгэнэ.
9.3.Энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн загварын туршилтыг хэмжил зүйн мэргэжлийн байгууллага холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно.
9.4.Загварын туршилтад тэнцсэн, эсхүл загварын туршилтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд хэмжих хэрэгслийг хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээ олгоно.
9.5.Хэмжих хэрэгслийн загварын туршилтыг холбогдох стандарт болон энэ хуулийн 9.6-д заасан журмын дагуу хийж гүйцэтгэнэ.
9.6.Хэмжих хэрэгслийн загварыг турших, батлах журам, загварын туршилтын үр дүнг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
9.7.Импортлох хэмжих хэрэгсэлд дараах байгууллагаас загварыг баталж, гэрчилгээ олгосон тохиолдолд загварын туршилтыг давтан хийхгүйгээр хүлээн зөвшөөрнө:
9.7.1.Хууль эрхийн хэмжил зүйн олон улсын байгууллага /OIML/;
9.7.2.энэ хуулийн 9.7.1-д заасан байгууллагаас эрх авсан хэмжил зүйн байгууллага, үйлдвэрлэгч;
9.7.3.энэ хуулийн 19.1-д заасан байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулсан гадаад орны хэмжил зүйн төв байгууллага.
10 дугаар зүйл.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт
10.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, суурилуулсан, засварласны дараа, ашиглахын өмнө шалгалт баталгаажуулалтад хамруулна.
10.2.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага эрхэлнэ.
10.3.Хэмжил зүйн мэргэжлийн байгууллага энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг холбогдох салбарын хүрээнд гүйцэтгэж болно.
10.4.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтыг улсын шалгагчийн эрх авсан ажилтан холбогдох стандартын дагуу гүйцэтгэнэ.
10.5.Баталгаажуулалтад тэнцсэн хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалт хийсэн байгууллага лац, тэмдгээр битүүмжилж, гэрчилгээ олгоно.
10.6.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг, гэрчилгээ, мэдэгдлийн загварыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
10.7.Шалгалт баталгаажуулалтын лац, тэмдэг нь хөндөгдсөн, арилсан, гэрчилгээг үрэгдүүлсэн, хуурамчаар үйлдсэн, баталгааны хугацаа дууссан, эвдэрсэн буюу буруу заалттай хэмжих хэрэгслийг баталгаагүйд тооцно.
10.8.Энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд баталгаажуулаагүй хэмжих хэрэгслийг худалдах, ашиглахыг хориглоно.
10.9.Загварын туршилтад хамрагдаж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй хэмжих хэрэгслийг шалгалт баталгаажуулалтад хамруулахгүй.
10.10.Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт хоорондын хугацааг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
10.11.Хэмжил зүйн олон улсын байгууллага болон үйлдвэрлэгч орны хэмжил зүйн байгууллагаас хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалт хийх эрх авсан, олон улсын итгэмжлэлийн тогтолцооны дагуу итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалтын үр дүнг тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрч болно.
10.12.Хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
11 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, бүртгэх
11.1.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлж, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагын чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг стандартаар тогтооно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
11.3.Энэ хуулийн 11.2-т заасан стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу батална.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./
12 дугаар зүйл.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний хэмжил зүйн хяналт, шалгалт
12.1.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээний утга холбогдох стандарт, дүрэм, журамд заасан хэмжил зүйн шаардлагыг хангасан байна.
12.2.Савласан бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго стандартын шаардлага хангасан байна.
12.3.Савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт, шалгалт хийх журмыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
13 дугаар зүйл.Хэмжил зүйн төрийн хяналт
13.1.Хэмжил зүйн төрийн хяналтыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд дарга нь салбарын улсын ерөнхий байцаагч байна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13.2.Энэ хуулийн 13.1-д заасан байгууллага Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах хяналтыг хэрэгжүүлнэ:
13.2.1.хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
13.2.2.хэмжлийн нэгж нь зөвшөөрөгдсөн нэгжтэй тохирч байгаа эсэхэд хяналт тавих;
13.2.3.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаанд хяналт тавих;
13.2.4.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хамруулсан эсэх, түүний ашиглалт, хэвийн ажиллагаанд хяналт тавих;
13.2.5.савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд хэмжил зүйн хяналт тавих.
13.3.Энэ хуулийн 13.2.1-13.2.5-д заасан хэмжил зүйн хяналтыг хэрэгжүүлэх улсын байцаагч хэмжил зүйн чиглэлээр сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна.
13.4.Хэмжил зүйн төрийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэмжил зүйн хяналтын үр дүнг энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан Зөвлөлд жил бүр тайлагнана.
14 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга
14.1.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад хамруулж болно.
14.2.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгыг энэ хуулийн 19.2.4-т заасан журмын дагуу чадавхаа үнэлүүлсэн шалгалт тохируулгын ажилтан гүйцэтгэнэ.
14.3.Шалгалт тохируулгын лаборатори хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга гүйцэтгэх аргачлалтай байна.
14.4.Шалгалт тохируулгын лаборатори шалгалт тохируулга хийсэн хэмжих хэрэгсэлдээ гэрчилгээ олгож, тэмдэг дарна.
14.5.Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын лаборатори итгэмжлэгдсэн байна.
14.6.Хэмжил зүйн олон улсын байгууллагатай харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэн орсон гадаад орны хэмжил зүйн байгууллагын шалгалт тохируулгын гэрчилгээ, үр дүнг хүлээн зөвшөөрнө.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ХЭМЖИЛ ЗҮЙН БОДЛОГО, ХЭМЖИЛ ЗҮЙН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, БҮРЭН ЭРХ
[edit]15 дугаар зүйл.Хэмжил зүйн бодлого
15.1.Хэмжил зүйн бодлого нь улсын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх, хүн, малын эрүүл мэнд, байгаль орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, худалдаан дахь техникийн саад тотгорыг багасгахад чиглэсэн хэмжил зүйн тогтолцоог бүрдүүлж, хөгжүүлэхэд оршино.
15.2.Хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
16 дугаар зүйл.Хэмжил зүйн байгууллагын тогтолцоо
16.1.Хэмжил зүйн байгууллагын тогтолцоо нь Хэмжил зүйн зөвлөл, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага, хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаас бүрдэнэ.
17 дугаар зүйл.Засгийн газрын гишүүний бүрэн эрх
17.1.Засгийн газрын гишүүн эрхэлсэн асуудлын хүрээнд хэмжил зүйн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
17.1.1.хэмжлийн эталоныг бий болгох, хөгжүүлэх;
17.1.2.техникийн зохицуулалт, стандарт боловсруулах, дүрэм, журмыг батлах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах.
17.2.Шалгалт баталгаажуулалтад хамруулах хэмжих хэрэгслийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
18 дугаар зүйл.Хэмжил зүйн зөвлөл
18.1.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дэргэд хэмжил зүйг хөгжүүлэх, хэмжил зүйн бодлогыг хэрэгжүүлэх, салбар хоорондын уялдааг хангах үүрэг бүхий орон тооны бус Хэмжил зүйн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/ төр, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй ажиллана.
18.2.Зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүнийг Засгийн газар батална.
18.3.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга Зөвлөлийн хуралдааныг даргална.
18.4.Зөвлөл дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
18.4.1.хэмжил зүйн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийн явцыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргах;
18.4.2.Зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлаар болон шийдвэрийн биелэлтийн талаарх судалгаа, мэдээг холбогдох байгууллага, албан тушаалтнаар гаргуулах;
18.4.3.хэмжил зүйн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар чиглэл, зөвлөмж өгөх;
18.4.4.энэ хуулийн 13.4-т заасан тайланг хэлэлцэх;
18.4.5.Зөвлөлийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавих.
19 дүгээр зүйл.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх
19.1.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хэмжил зүйн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах хэмжил зүйн төв байгууллага мөн.
19.2.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.2.1.хэмжил зүйн хууль тогтоомж, төрөөс баримтлах бодлого, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангах;
19.2.2.хэмжил зүйн дүрэм, журам баталж, хэрэгжилтийг хангах;
19.2.3.хэмжлийн эталоныг хөгжүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх;
19.2.4.хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын болон хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх ажилтны чадавхыг үнэлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэхэд тавих шаардлагыг тогтоох стандартыг батлуулж, мөрдүүлэх;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
19.2.5.холбогдох төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын эрх олгох;
/Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
19.2.6.хариуцсан асуудлаар олон улсын байгууллагад гишүүнээр элсэх, олон улс, бүс нутаг, гадаад улс орны хэмжил зүйн байгууллагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хэмжлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх ажлыг зохион байгуулах;
19.2.7.хэмжил зүйн асуудлаар төлбөртэй ажил, үйлчилгээ эрхлэх, сургалт явуулах;
19.2.8.улсын шалгагчийн эрх олгох, аттестатчилах;
19.2.9.хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санг хөтлөх.
19.3.Хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэмжил зүйн хүрээлэнтэй байна.
19.4.Хэмжил зүйн хүрээлэн дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
19.4.1.улсын эталон, стандартчилсан загварыг бий болгох, зохион бүтээх, хадгалах, харьцуулан дүйлгэж баталгаажуулах;
19.4.2.хэмжил зүйн асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил, туршилт хийх;
19.4.3.улсын эталоны нэгж дамжуулалтыг олон улсад болон үндэсний хэмжээнд хангах;
19.4.4.өндөр нарийвчлалтай хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх;
19.4.5.хэмжих хэрэгслийн загварын туршилт хийх;
19.4.6.үндэсний болон олон улсын хэмжлийн харьцуулалтад оролцох, зохион байгуулах;
19.4.7.хэмжил, шалгалт тохируулгын чадавхыг Жин, хэмжүүрийн олон улсын байгууллагын мэдээллийн санд бүртгүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх.
19.5.Улсын эталоныг хөтлөх, нэгж дамжуулах аргачлалыг хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
20 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага
20.1.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага харьяалах нутаг дэвсгэртээ хэмжлийн нэгдмэл байдлыг хангах чиглэлээр дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
20.1.1.хэмжил зүйн хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
20.1.2.ажлын эталоныг бий болгох, хадгалах, ашиглах, тэдгээрийн нэгж дамжуулалтыг хангах;
20.1.3.хэмжих хэрэгсэлд шалгалт баталгаажуулалт хийх;
20.1.4.хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга хийх.
20.2.Аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллагын даргыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө.
21 дүгээр зүйл.Хэмжил зүйн мэргэжлийн байгууллага
21.1.Хэмжил зүйн мэргэжлийн байгууллага энэ хуулийн 22 дугаар зүйлд зааснаас гадна дараах чиг үүргийг хэрэгжүүлж болно:
21.1.1.энэ хуулийн 8.1.1-8.1.4-т заасан үйл ажиллагаанд хэрэглэх, холбогдох салбарын хүрээний хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх;
21.1.2.тухайн хэмжлийн төрлөөр улсын болон ажлын эталоныг бий болгох, стандартчилсан загвар зохион бүтээх, хадгалах, нэгж дамжуулалтыг хангах.
ТАВДУГААР БҮЛЭГ - ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХ, ҮҮРЭГ
[edit]22 дугаар зүйл.Иргэн, хуулийн этгээдийн хэмжил зүйн үйл ажиллагаа
22.1.Аж ахуйн нэгж, байгууллага, эрхэлсэн ажил, үйлчилгээнийхээ хүрээнд хэмжил зүйн чиглэлээр дараах эрх, үүрэгтэй:
22.1.1.хэмжил зүйн ажлыг тодорхой нэгж, албан тушаалтанд хариуцуулах, эсхүл хэмжил зүйн албыг ажиллуулах;
22.1.2.хэмжлийн шаардагдах нарийвчлал, хязгаарт тохирсон хэмжих хэрэгслийг ашиглах;
22.1.3.энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагаанд хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлсэн хэмжих хэрэгслийг хэрэглэх, үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах;
22.1.4.байгалийн нөөцийн олборлолт, ашиглалт, худалдаа, үйлчилгээний тооцоог шалгалт баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслээр гүйцэтгэх;
22.1.5.энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үйл ажиллагаанд хэрэглэх хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга хийх;
22.1.6.гүйцэтгэсэн хэмжлийн үр дүнгийн үнэн зөв байдлыг хариуцах;
22.1.7.хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, суурилуулах, засварлах үйл ажиллагаа эрхлэх бол чадавхаа үнэлүүлэх, хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгүүлэх;
22.1.8.энэ хуулийн 12.1, 12.2-т заасан шаардлагыг хангасан савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ, зөвшөөрөх хэлбэлзлийн утгыг сав, баглаа боодлын шошгонд үндэсний стандартын дагуу тэмдэглэх;
22.1.9.хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт болон бусад ажил, үйлчилгээний зардлыг бүрэн хариуцах.
22.2.Аж ахуйн нэгж, байгууллага хэмжил зүйн дотоод хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
22.2.1.хэмжих хэрэгслийг загварын туршилт, шалгалт баталгаажуулалтад хугацаанд нь бүрэн хамруулж байгаа эсэхэд хяналт тавих;
22.2.2.өөрийн хэмжих хэрэгслийг шалгалт тохируулгад хамруулах;
22.2.3.хэмжих хэрэгслийн техникийн бэлэн байдал, ашиглалтад болон хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжлийн шаардагдах нарийвчлал, хэмжил зүйн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах.
22.3.Иргэн, төрийн бус байгууллага хэмжил зүйн чиглэлээр дараах эрх, үүрэгтэй:
22.3.1.хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалт, хэмжил зүйн хяналт шалгалт хийлгэх хүсэлт гаргах;
22.3.2.хэмжил зүйн ажил, үйлчилгээ, хэмжих хэрэгслийн шалгалт тохируулга, шалгалт баталгаажуулалтын талаар мэдээлэл авах;
22.3.3.хэмжих хэрэгслийн ашиглалт, хэмжил гүйцэтгэх аргачлал, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын явцад гарсан зөрчлийг эрх бүхий байгууллагад мэдээлэх, гарсан зөрчлийг арилгах талаар шаардах, шийдвэрлүүлэх;
22.3.4.хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалтын үйл ажиллагаанд ажиглагчаар оролцох, энэ талаар санал, хүсэлт гаргах.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ - БУСАД
[edit]23 дугаар зүйл.Хэмжил зүйн үйл ажиллагааны санхүүжилт
23.1.Хэмжил зүйн зөвлөл, хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн хэмжил зүйн байгууллага болон хэмжил зүйн мэргэжлийн байгууллагын чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
23.2.Хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Төсвийн тухай хуульд заасны дагуу төсвийн зарлагын хэмнэлт, үндсэн үйл ажиллагааны нэмэлт орлогыг хэмжил зүйн салбарыг бэхжүүлэх арга хэмжээнд зарцуулна.
23.3.Хэмжил зүйн олон улсын байгууллагын гишүүний татварыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
23.4.Хэмжил зүйн ажил, үйлчилгээний төлбөрийн хэмжээг хэмжил зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
24 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
24.1.Хэмжил зүйн хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд Төрийн албаны тухай хуульд, хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |