Монгол Улсын Эрүүл ахуйн тухай хууль
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 2 дугаар сарын 04-ний өдөр
Улаанбаатар хот
ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ - НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
[edit]1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчны хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж
2.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Агаарын тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Барилгын тухай, Боловсролын тухай, Орон сууцны тухай, Усны тухай, Хог хаягдлын тухай, Хот байгуулалтын тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай, Хүнсний тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай, Цөмийн энергийн тухай, Эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эрүүл ахуй" гэж хүний эрүүл, аюулгүй амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн байгаа орчноос шалтгаалан эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тандах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн нөхцөл, шаардлагыг;
3.1.2."хүрээлэн байгаа орчин" гэж хүний амьдрал, үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлөх байгаль, нийгмийн орчныг;
3.1.3."эрүүл ахуйн нөхцөл, шаардлага" гэж эрүүл ахуйн дүрэм, журам, заавар, стандартад заагдсан хэм хэмжээг хангасан байхыг;
3.1.4."эрүүл мэндийн эрсдэл" гэж хүний эрүүл мэндэд эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангагдаагүйн улмаас үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг;
3.1.5."эрүүл, аюулгүй орчин" гэж хүрээлэн байгаа орчин эрүүл ахуйн нөхцөл, шаардлага бүрэн хангасан байхыг;
3.1.6."тандалт" гэж хүрээлэн байгаа орчноос хүний эрүүл мэндэд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөөллийг ажиглах, судлах, мэдээ, мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, үнэлэх, мэдээлэх, хариу арга хэмжээг төлөвлөх үйл ажиллагааг;
3.1.7."эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт" гэж хүрээлэн байгаа орчин, бодис, бараа бүтээгдэхүүн дэх мэдрэхүй, хими, физик, биологийн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг;
3.1.8."зөвшөөрөгдөх дээд хэмжээ" гэж эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтэд заагдсан хүчин зүйлийн нөлөөлөл нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байх агууламжийг;
3.1.9."эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ" /цаашид "үнэлгээ" гэх/ гэж үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагаанаас хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга замыг тодорхойлох, эерэг нөлөөллийг дэмжих ажиллагааг;
3.1.10."төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж" гэж ариутгах татуургын төвлөрсөн системд холбогдоогүй, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламж, бохирын цооног, жорлонг;
3.1.11."эрүүл ахуйн хамгаалалтын бүс" гэж хүн, мал, амьтан, байгаль орчинд эрүүл мэндийн эрсдэл үзүүлэхгүй байхаар тогтоосон зурвас газрыг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ - ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГА
[edit]4 дүгээр зүйл. Хүрээлэн байгаа орчинд тавих эрүүл ахуйн шаардлага
4.1.Хүн амыг ундны болон ахуйн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан усаар хангана:
4.1.1.ундны болон ахуйн ус нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан, аюулгүй байх;
4.1.2.ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлах;
4.1.3.харьяалах нутаг дэвсгэрийнхээ хүн амыг энэ хуулийн 4.9-т заасан стандартыг хангасан ундны усаар тогтвортой, хүртээмжтэй хангах арга хэмжээг тухайн шатны Засаг дарга хэрэгжүүлэх;
4.1.4.хүн амын хэрэглэж байгаа ундны болон ахуйн усны чанар, аюулгүй байдалд тухайн нутаг дэвсгэрийн төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамж хариуцсан байгууллага, албан тушаалтан холбогдох стандарт, дүрмийн дагуу хяналт, шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах арга хэмжээг авах;
4.1.5.ус хангамж, ариун цэврийн байгууламжийн сүлжээнд эрсдэлийн үнэлгээг тогтмол хийлгэх, гарсан үнэлгээний дагуу арга хэмжээг авах үүргийг тухайн шатны Засаг дарга хүлээх.
4.2.Энэ хуулийн 4.1.5-д заасан эрсдэлийн үнэлгээ хийх зааврыг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
4.3.Хүн амын оршин суугаа орчны агаар нь эрүүл ахуйн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
4.3.1.хүний амьдрах, ажиллах, суралцах орчны агаар нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөргөөр нөлөөлөхгүй, агаарын чанарын нөхцөл, шаардлагыг хангасан, бохирдоогүй байх;
4.3.2.хөдөлгөөнт эх үүсвэр, агаарын бохирдлын томоохон суурин эх үүсвэр болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр бохирдуулах бодис гаргаж, физикийн сөрөг нөлөөлөл үзүүлдэг эх үүсвэр ашигладаг байгууллагаас гарч байгаа утаа, тоосны хэмжээ нь агаарын чанарын стандартыг хангасан байх.
4.4.Хүн амын суурьшлын хөрс нь эрүүл ахуйн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:
4.4.1.оршуулгын газар, хог хаягдлын зориулалтын цэг, ариун цэврийн байгууламжийг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу байгуулж, ашиглах;
4.4.2.хүн, мал, амьтанд халдвар тараах, байгаль орчинд аюултай хог хаягдлыг эрүүл ахуйн нөхцөл, шаардлагын дагуу цуглуулах, хадгалах, тээвэрлэх, тогтоосон тусгай цэгт булшлах буюу зориулалтын байгууламжид устгах;
4.4.3.иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх;
4.4.4.энэ хуулийн 4.7-д заасан стандартын дагуу төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага барих, ашиглах.
4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан хог хаягдлын жагсаалт, булшлах, устгах аргачлалыг эрүүл мэнд болон хөдөө аж ахуй, байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
4.6.Энэ хуулийн 4.4.3-т заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг ногдох газартаа цэвэрлэгээ, арчилгаа хийж байгаа эсэхэд тухайн баг, хорооны Засаг дарга хяналт тавина.
4.7.Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийн стандартыг барилгын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
4.8.Цацраг идэвхт болон химийн хорт бодис, ионжуулдаг, ионжуулдаггүй туяа, физик хүчин зүйл /шуугиан, доргион, цахилгаан соронзон орон, радио долгион, хэт авиа зэрэг/-ийн үүсгүүр, нянгийн өсгөвөртэй ажилладаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний аюулгүй ажиллагааны дүрмийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож, биелэлтийг хангана.
4.9.Хүн амын ундны ус, хүний амьдрах орчны агаар, хөрсний эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
5 дугаар зүйл. Хот төлөвлөлт, барилга байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлага
5.1.Хот, суурин газрын төлөвлөлт, барилга байгууламж нь хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, эрүүл ахуйн нөхцөл, барилгын норм, нормативын шаардлагыг хангасан байна.
5.2.Хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөд эрүүл ахуйн болон барилгын стандарт, норм, нормативыг үндэслэн энэ хуулийн 9.2-т заасан үнэлгээг хийнэ.
5.3.Барилга байгууламж барих газрын байршил тогтоох, барилгын зураг төсөл зохиох, барилга барих, ашиглалтад оруулах, өргөтгөх, зориулалтыг нь өөрчлөхөд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
5.4.Барилгын материал нь эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлт болон Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
5.5.Барилгын материалын эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрүүл мэндийн болон барилгын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
5.6.Орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж, гудамж, зам, талбай нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.3, 9.3.4-т заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээг хангахаар төлөвлөгдөж баригдана.
5.7.Орон сууц, албан байгууллага, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага нь барилгын орчны тохижилтыг Барилгын тухай хуулийн 3.1.11-д болон Хот байгуулалтын тухай хуулийн 12.6.3-т заасны дагуу төлөвлөж гүйцэтгэнэ.
6 дугаар зүйл. Ажлын байранд тавих эрүүл ахуйн шаардлага
6.1.Ажлын байранд тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс сэргийлэх тухай асуудлыг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар зохицуулна.
6.2.Хүний ажиллах, суралцах байр нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангасан байна.
6.3.Ажлын байрны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
6.4.Сургалт, хүмүүжлийн орчны эрүүл ахуйн стандартыг эрүүл мэндийн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран боловсруулж, стандартчиллын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.
7 дугаар зүйл. Үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих эрүүл ахуйн шаардлага
7.1.Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж нь эрх бүхий байгууллагаас хянаж баталгаажуулсан зураг төслийн дагуу баригдсан, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна.
7.2.Үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад мөрдөх эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрмийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
7.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь энэ хуулийн 7.2-т заасан эрүүл ахуй, халдвар хамгааллын үлгэрчилсэн дүрэмд нийцүүлсэн дотоод хяналтын журмыг боловсруулан баталж, мөрдөнө.
7.4.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нь түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үүсэх сөрөг үр дагавар, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилгах арга хэмжээг бүрэн хариуцна.
7.5.Худалдаа, үйлчилгээний байгууллага нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлага хангасан, үйлчлүүлэгч чөлөөтэй ашиглах боломжтой ариун цэврийн өрөө, гар угаах хэрэгсэлтэй байна.
7.6.Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
8 дугаар зүйл. Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлд тавих эрүүл ахуйн шаардлага
8.1.Түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, тэдгээрийн сав, баглаа боодол, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь Монгол Улсын болон олон улсын стандарт, норматив, техникийн баримт бичиг, эрүүл ахуйн аюулгүйн үзүүлэлтийн шаардлагыг хангасан байна.
8.2.Хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй, өндөр эрсдэлтэй мал, амьтны гаралтайгаас бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг экспортлох, импортлоход эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсгийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
8.3.Экспортлох, импортлох түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, техник, технологи нь хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан болохыг нотлох эрх бүхий байгууллагаас олгосон гэрчилгээтэй байна.
8.4.Дотоодын үйлдвэрлэгч нь үйлдвэрлэсэн түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийн чанар, аюулгүй байдал, үйл ажиллагааны үр дагаврыг өөрөө хариуцна.
8.5.Бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийг эрүүл ахуйн шаардлагын дагуу хадгалж, зориулалтын тээврийн хэрэгслэлээр тээвэрлэнэ.
8.6.Шинэ бүтээгдэхүүн, бодис, бэлдмэл, материал, техник, технологи нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ - ЭРҮҮЛ МЭНДИЙН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ
[edit]9 дүгээр зүйл. Эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ
9.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3, 7.7-д заасны дагуу эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийнэ.
9.2.Энэ хуулийн 5.2, 9.1-д зааснаас гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй болон нөлөөлсөн нөхцөлд үнэлгээ хийнэ.
9.3.Үнэлгээ хийх болон үнэлгээ хийх байгууллагыг сонгон шалгаруулах журам, аргачлалыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
9.4.Үнэлгээ хийсэн байгууллага нь үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлэх бөгөөд дүгнэлт, зөвлөмж нь олон нийтэд нээлттэй байна.
9.5.Үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, хэрэгжүүлэх ажлыг хамтран зохион байгуулж, биелэлтэд хяналт тавина.
9.6.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь үнэлгээ хийлгэх чиглэлээ олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж, үнэлгээ хийх зардлыг жил бүрийн төсөвтөө тусгана.
9.7.Энэ хуулийн 5.2, 9.1-д заасан үнэлгээ хийх зардлыг төсөл хэрэгжүүлэгч, захиалагч хариуцна.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ - ЭРҮҮЛ АХУЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ХАНГУУЛАХ ТАЛААР НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА, ЗАСАГ ДАРГА, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭНИЙ ХҮЛЭЭХ ЭРХ, ҮҮРЭГ
[edit]10 дугаар зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10.1.1.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, хэрэгжилтийн талаар тухайн шатны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх, шийдвэр гаргах;
10.1.2.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахад шаардагдах төсвийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;
10.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.
11 дүгээр зүйл. Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын эрх, үүрэг
/Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.1.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх;
11.1.2.хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангах талаар асуудал боловсруулж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх;
11.1.3.харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд усны эх үүсвэрийн онцгой, энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.4.төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжид тавих эрүүл ахуйн шаардлагыг хэрэгжүүлэх;
11.1.5.хог хаягдлын цэг, ариун цэврийн байгууламж, оршуулгын газарт эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах;
11.1.6.нийтийн эзэмшлийн зам, талбайн цэвэрлэгээ, тохижилт, цэцэрлэгжүүлэлт, эзэмшлийн байдлыг хариуцах;
11.1.7.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих oлон нийтийн хяналтыг сайжруулах, санал санаачилга өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
11.1.8.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;
11.1.9.нутаг дэвсгэрийнхээ хүн амын эрүүл, аюулгүй орчныг хангахад шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгаж батлуулах, зарцуулалтад хяналт тавих;
11.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
12 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг даргын эрх, үүрэг
12.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, Засаг дарга дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
12.1.1.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах ажилд нутаг дэвсгэрийн хэмжээнд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг татан оролцуулах;
12.1.2.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах сургалт, сурталчилгаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг хамруулах ажлыг зохион байгуулах;
12.1.3.нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд oлон нийтийн тавих хяналт, санал санаачилгыг өрнүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
12.1.4.нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг хог, хаягдалгүй байлгах;
12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
13 дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг
13.1.Аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
13.1.1.эрүүл ахуйн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө, туслалцаа авах;
13.1.2.ажилтан, үйлчлүүлэгчээс эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар шаардах;
13.1.3.эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчсөн ажилтанд хариуцлага хүлээлгэх;
13.1.4.эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх талаар тавьсан шаардлагыг биелүүлж, зөрчлийг бүрэн арилгах арга хэмжээг авч, хариу мэдэгдэх;
13.1.5.хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагыг үйл ажиллагааны бүх үе шатанд бүрэн хангах;
13.1.6.энэ хуулийн 4.4.3-т заасан нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас, мөсгүй байлгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах;
13.1.7.халдвaрт болон халдварт бус өвчин, мэргэжлээс шалтгаалсан өвчин, үйлдвэрлэлийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх;
13.1.8.ажилтнаа энэ хуулийн 7.6-д заасан журмын дагуу эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах;
13.1.9. 50 ба түүнээс дээш ажилтантай үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтныг эрүүл мэндийн болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагуудаас баталсан журмын дагуу ажиллуулах;
13.1.10. 50 ба түүнээс доош ажилтантай үйлдвэр, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж нь энэ хуулийн 13.1.9-т заасан ажилтныг гэрээгээр гүйцэтгүүлж болох;
13.1.11.эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангахтай холбогдон гарах зардлыг жил бүр байгууллагын төсөвт тусгах;
13.1.12.хуульд заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйл. Иргэний эрх, үүрэг
14.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулах талаар иргэн дараахь эрх эдэлнэ:
14.1.1.хүрээлэн байгаа орчны сөрөг нөлөөллөөс хамгаалуулж эрүүл, аюулгүй орчинд амьдрах;
14.1.2.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар төрийн байгууллага, албан тушаалтнаас мэдээлэл авах, шаардлага тавих;
14.1.3.түүхий эд, бараа, бүтээгдэхүүн, бодис, бэлдмэлийн тухай мэдээллийг иргэн, холбогдох хуулийн этгээдээс авах;
14.1.4.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд олон нийтийн хяналт тавихaд оролцох;
14.1.5.эрүүл, аюулгүй орчныг хангуулах асуудлаар төрийн болон холбогдох мэргэжлийн байгууллага, албан тушаалтанд санал тавих, шийдвэрлүүлэх;
14.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.
14.2.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах талаар иргэн дараахь үүрэг хүлээнэ:
14.2.1.эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх;
14.2.2.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагаас зохион байгуулах арга хэмжээнд оролцох, хуулийн хүрээнд нийцүүлэн тавьсан шаардлагыг бүрэн биелүүлэх;
14.2.3.аж ахуйн нэгж, байгууллага, иргэний явуулж байгаа үйл ажиллагаа нь эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангаагүй бол холбогдох этгээдэд шаардлага тавих, эрх бүхий байгууллагад мэдэгдэх;
14.2.4.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;
14.2.5.хуульд заасан бусад үүрэг.
15 дугаар зүйл. Эрүүл ахуйн сургалт
15.1.Хүүхдэд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг эрүүл ахуйн зохистой дадал хэвшүүлэх, эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургууль зохион байгуулна.
15.2.Эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтын хөтөлбөрийн агуулгыг боловсролын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
15.3.Хүн амд эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт, сурталчилгааг эрүүл мэндийн болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллага, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явуулна.
15.4.Байгууллага, аж ахуйн нэгж, ажил олгогч нь эрүүл мэндийн байгууллага болон холбогдох мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран эрүүл ахуйн мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж, сургалтын байр болон сургалтад шаардагдах бусад зардалд дэмжлэг үзүүлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ - ЭРҮҮЛ АХУЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
[edit]16 дугаар зүйл. Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо
16.1.Эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл ахуйн асуудал хариуцсан байгууллага, эрүүл мэнд, хууль сахиулах бүх шатны байгууллага болон энэ хуулийн 13.1.9-т заасан байгууллагад ажиллаж байгаа эрүүл ахуйч, тархвар судлаачаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.2.1.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах;
16.2.2.эрүүл ахуй, тархвар судлалын талаар төрийн захиргааны байгууллага хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах;
16.2.3.хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, түүнийг бууруулах, арилгах чиглэлээр үндэсний хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцох;
16.2.4.эрүүл ахуйн тухай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг захиалан гүйцэтгүүлэх;
16.2.5.эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангах, үүсэж болзошгүй болон үүссэн сөрөг нөлөөг арилгах чиглэлээр төрийн болон холбогдох төрийн бус байгууллага, иргэдийн хамтын ажиллагааг уялдуулан зохион байгуулах, гадаад улс, олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
16.2.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
16.3.Эрүүл ахуйн тандалт, үнэлгээ, хяналт хийх, дүгнэлт гаргах чадавх бүхий эрүүл ахуй, тархвар, нян, хор судлалын үндэсний лавлагаа лабораторийн сүлжээтэй байна.
16.4.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эрүүл ахуй, тархвар судлалын асуудлыг хэлэлцэх, санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөл ажиллана.
16.5.Мэргэжлийн зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч байна.
16.6.Энэ хуулийн 16.4-т заасан мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
16.7.Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
16.7.1.хүн амын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг арилгахтай холбогдсон мэргэжлийн дүгнэлт гаргах;
16.7.2.эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг тогтоох, урьдчилан сэргийлэх, бууруулах, арилгах арга замыг тодорхойлох, эерэг нөлөөллийг дэмжих ажиллагааг зохион байгуулах;
16.7.3.эрүүл ахуй, тархвар судлалын тулгамдсан асуудалд дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний тухай санал, дүгнэлтээ Засгийн газар болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, шийдвэрлүүлнэ.
ЗУРГAДУГААР БҮЛЭГ - ЭРҮҮЛ АХУЙН ХЯНАЛТ, ТАНДАЛТ, ХОРИГЛОХ ЗҮЙЛ
[edit]17 дугаар зүйл. Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих
17.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих төрийн хяналтыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон хууль тогтоомжоор эрх олгосон бусад байгууллага, албан тушаалтан эрх хэмжээний дагуу хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
17.2.Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавина.
18 дугаар зүйл. Төрийн бус байгууллагын оролцоо
18.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавин, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардаж, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ.
18.2.Хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, үр дагаварыг арилгуулах асуудлыг холбогдох байгууллагад тавина.
18.3.Эрүүл, аюулгүй орчныг хангах талаар судалгаа хийх, төсөл хэрэгжүүлнэ.
19 дүгээр зүйл. Тандалт, судалгаа
19.1.Тандалт, судалгаа нь хүний эрүүл мэндэд нөлөөлөх сөрөг нөлөөллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.
19.2.Тандалт, судалгааг эрүүл ахуйн асуудал хариуцсан бүх шатны байгууллага гүйцэтгэнэ.
19.3.Тандалт, судалгаа хийх зардлыг улсын төсөвт тусгаж, олон улсын төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлнэ.
19.4.Тандалт, судалгаа хийх журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэж, Засгийн газар батална.
20 дугаар зүйл. Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдуулан хориглох зүйл
20.1.Эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангуулахтай холбогдон дараахь зүйлийг хориглоно:
20.1.1.хүний эрүүл мэнд болон хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах, үйлдэл хийх;
20.1.2.хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах;
20.1.3.эрүүл ахуйн хамгаалалтын бүс дотор хүний эрүүл мэнд, байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх технологи ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний газрыг байгуулахаар төлөвлөх, барьж байгуулах;
20.1.4.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэг болон нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх;
20.1.5.гоёлын гоо заслын газарт арьс, салстыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх;
20.1.6.хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, хадгалах үйл ажиллагаа эрхлэх цэгийг орон сууц, нийтийн эзэмшлийн зам, талбай болон гэр хороололд эрхлэх;
20.1.7.зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт автотехникийн засвар, машин техник, бохир зүйл угаах, эд анги, тос, тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, түүгээр худалдаа, үйлчилгээ эрхлэх;
20.1.8.нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах;
20.1.9.олон улсын болон улсын чанартай авто замын дагуу зориулалтын бус газарт бие засах, хог хаях.
21 дүгээр зүйл. Гомдол гаргах
21.1.Эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учирсан гэж үзвэл иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргаж болно.
ДОЛДУГААР БҮЛЭГ - БУСАД ЗҮЙЛ
[edit]22 дугаар зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
22.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
22.3.Эрүүл ахуйн тухай хууль зөрчигчид хариуцлага торгууль оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
/Энэ зүйлийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
This work is in the public domain in Mongolia and other jurisdictions.
According to the Law of Mongolia on Copyright from September 1st, 1993 as amended on February 1st, 1997, May 21st, 1999 and Jan 19, 2006, works first published in Mongolia are exempt from copyright if they fall under one of the following categories:
This work falls into one or more of the above categories and is in the public domain. |